ТАНЫ МЭДЛЭГТ:Оюуны өмч түүний хэрэгцээ шаардлага

2014 оны 5 сарын 10

Оюуны өмч хөрөнгийг бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэх нь
Оюуны өмч нь лицензийн гэрээ байгуулах, үйлдвэрлэл эрхлэх, ханган нийлүүлэх ба тараан хуваарилах гэрээ хэлэлцээр, нийлүүлж нэгтгэх ба худалдан авах зэрэг худалдаа арилжааны үйл ажиллагаанд хамгийн үнэтэй хөрөнгийн нэг буюу хамгийн гол хөрөнгө хэмээн тооцогдож байна.
Патент, хуулбарлан олшруулах материал болон барааны тэмдэг хэрэглэхтэй холбоотой лиценз олгох асуудал нь ямагт ноу-хауг сургалтын хэлбэрт оруулж нэвтрүүлэх зэрэгтэй хамтруулан хэрэгжүүлдэг бөгөөд дээрхи бизнесийн үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. Оюуны өмчийг эзэмшсэнээр үнэмлэхүй эрх эдэлж өрсөлдөгчгүй болдог гэж бодвол буруу юм. Оюуны өмч нь ихэнхдээ тухайн бүтээгдэхүүн, технологийг лицензжүүлэхийн нэгэн адил бусад хүмүүс түүнийг дур мэдэн хэрэглэхээс хамгаалдаг. Энэхүү лиценз нь тухайн оюуны өмчийг эзэмшигчийн талд шударгаар орлого олох үүд хаалга болж, лиценз авсан талд урьд нь тэдний хувьд хаалттай байсан бүтээгдэхүүн, технологиос хүртэх боломжийг нь олгодог.

Ийнхүү лиценз эзэмшигч нь өөрийн оюуны өмч хөрөнгийг улам сайжруулан хөгжүүлж тухайн оюуны өмчийг боловсронгуй болгох буюу шинэ төрөл чиглэл гаргах зэрэг эрх эдэлснээр лицензийн холбоос үүсгэж түүнээсээ бусад хүмүүст дамжуулан хэрэглүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр шинэ бүтээл болон бизнесийн үйл ажиллагааны хооронд маш их үр ашигтай эргэх холбоо тогтдог.
PricewaterhouseCoopers-ийн сүүлийн жилүүдийн тайланд дэлхийн оюуны өмчийн лицензийн зах зээл 100 тэрбум ам.доллар давсан тухай илтгэсэн байдаг. Статистикийн энэхүү баримтаас үзэхэд оюуны өмч эдийн засгийн хувьд өнөөдөр хичнээн их ач холбогдолтой болсныг нотолж байна.
Эдийн засаг ба Оюуны өмч
Хүний мэдлэг ба шинэ бүтээл эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэгтэй байсныг бүгд хүлээн зөвшөөрдөг. Нэрт эдийн засагч Пол Ромер мэдлэгүүдийн хуримтлалын цогц нь эдийн засгийг түлхэн урагшлуулагч хүчин гэж хэлсэн байдаг. Түүний үзлийг суурь болговол улс орнууд эдийн засгийн өсөлтөө хангахын тулд эдийн засгийн бодлогоороо дамжуулан шинэ судалгаа, хөгжлийн асуудалд хөрөнгө оруулалтыг чиглүүлж хүний нөөц эх үүсвэрийг хөхүүлэн дэмжих хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх шаардлагатай болж байна. Мэдлэг чадавхийг түргэн хугацаанд бүтээн бий болгож, шинэ технологи үүсгэх үйл явц нь оюуны өмчийн талаар явуулах бодлогод өөрчлөлт оруулж шинэ мэдлэг, менежментийг хөтлөн явуулах арга туршлагыг нэвтрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байдаг байна. Өсөн нэмэгдсэн оюуны өмчийн ач холбогдол, нөгөө талаар 1990- ээд оны эхээр дэлхийн худалдааны салбарт бий болсон цоо шинэ загварчлал хоёрыг хооронд нь холбож өгөх асуудал чухал байв. Зарим хөгжингүй орнууд оюуны өмчийг хулгайлж хил давуулан арилжаалахыг хориглоход чиглэсэн худалдааны арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлж байсан байна. Ийнхүү Дэлхийн Худалдааны Байгууллагаас Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлуудын хэлэлцээр (TRIPS) байгуулжээ. Оюуны өмчийн эрүүл саруул тогтолцоо нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулахад гол зангилаа болохыг олон судалгааны үр дүн харуулсан байна. Компаниуд шинэ бүтээлээ патентжуулах явдал дэлхий нийтээр өсөн нэмэгдэж ялангуяа, Япон, АНУ болон Европын орнууд тэргүүлж байна.
Орчин үеийн оюуны өмчийн менежмент ба шинэ эдийн засаг
Оюуны өмчийн эдийн засгийн үнэлгээ өндөрсөж байгаа учраас энэ нь хамтын бизнесийн менежментийн үндсэн хэсэг болж байна. Оюуны өмчийн менежерүүд, бүтээгдэхүүний менежерүүд бүтээгдэхүүний эзэмшилтэй холбоотой хувь хөрөнгийг бүрдүүлдэгтэй адил нийлж нэгдэх, худалдан авах, хамтарсан үйлдвэр аж ахуйн нэгж байгуулах, хамтын судалгаа хөгжлийн болоод лицензийн гэрээ хэлэлцээр явуулах зэрэгт ашиглах хамтын корпорацийнхаа оюуны өмчийн хувь хөрөнгийг төвлөрүүлэн бүрдүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулдаг байна. Компаниуд хоорондоо нэгдэж эсвэл холбоо тогтоосноор оюуны өмчийнхөө хөрөнгийн үнэлгээг дээшлүүлэх, лицензийн холбоос үүсгэх замаар харилцан ашигтай ажиллах, нөгөө талаар зах зээлд өрсөлдөх давуу тал олж авахыг эрмэлздэг байна.
Оюуны өмчтэй харьцах соёлтой харилцааг тогтоох нь
Эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг хөдөлгөгч хүчин болсон оюуны өмчийн сурталчилгааг явуулснаар дараахь үр дүнд хүрнэ:
-Төрийн агентлаг, албан хаагчдын оюуны өмчийн эрхийн хэрэглээ шаардлагыг нэмэгдүүлэх зорилгоор бодлого, зохион байгуулалт, менежментийн тусгай хөтөлбөрүүдийг боловсруулах
-Олон улсын хамтарсан үйлдвэрүүдээс эхлэн жижиг үйлдвэрүүд хүртэл, хувийн хэвшлийнхэнд оюуны өмчийн үнэ цэнийг ойлгуулж, оюуны өмчийн эрхийг авах, мэдлэг мэдэгдэхүүн дээр тулгуурласан аж ахуйн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах
-Ард нийт хууль ёсны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэхийн ач холбогдлыг ойлгож, улмаар орон нутгийн үйлдвэрүүд хөгжин, түүнтэй уялдан татвар хураалтын хэмжээ нэмэгдэж хуулийн бодит хэрэгжилт сайжирна.
Оюуны өмчтэй харьцах зохистой ёс суртахуун төлөвшин тогтоогүйгээс эдийн засаг зогсонги байдалд орж, шинэ санаачлага, бүтээлч эрэлхийлэл унтарч, бизнесийн үйл ажиллагаа уруудан доройтож, дасан зохицох чадвар буурдаг. Оюуны өмчийн соёл бүрэлдэн тогтоогүй хөгжил буурай орнуудын хувьд оюуны өмчийн идэвхтэй бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд дараахь үйл ажиллагаануудыг явуулж болно.
-Өнөөгийн бодитой оршин буй оюуны өмчийн байдлыг тодорхойлох
-Шинжлэх ухаан, соёл, худалдаа, эдийн засаг, боловсролын бодлоготой уялдуулан үндэсний оюуны өмчийн стратегийг боловсруулах
-Оюуны өмчийг төрүүлэх, ашиглах, зохион бүтээгч хувь хүмүүс, байгууллагуудад шагнал урамшуулал олгодог байх.
Оюуны өмчийн давуу тал
Оюуны өмч нь шинэ бүтээлийг төрүүлэн худалдаалах замаар хүн ардын амьжиргааны төвшинг практик амьдрал дээр болон соёлын хүрээнд сайжруулдаг. Хүний нөөцийн хөгжлийг түргэсгэж, эдийн засгийг урагшлуулан, шинийг санаачлагч, зохион бүтээгчдийг дэмжих урам зоригийг бий болгодог.
Оюуны өмч нь бүх хүмүүст хүртээж болохуйц нийтлэг баялаг юм. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын хамгийн чухал үүрэг нь өөрийн гишүүн орнуудад оюуны өмчийн хэрэгслүүдийг ашиглан хөгжих замаар эд баялаг бий болгох, оюуны өмчийг өөрийн орны хөгжил цэцэглэлтэд зориулан хэрэглэхэд зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой байдаг.
Оюуны өмч нь ач холбогдлыг нь бүрэн ухаарсан, хүлээн зөвшөөрсөн, хуулиар хамгаалж бүрэн сахин хэрэгжүүлсэн тийм л улс оронд хөгжин дэлгэрч оршин тогтнож чадна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаагаа оюуны өмчийг хамгаалж түүний ач холбогдол, нөлөөллийг сайжруулахын төлөө чиглэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2602
0 эможи
keyboard_arrow_up