“Богд-Ар” хорооллын сургууль, цэцэрлэгийн газар дээр барилга барихаар болжээ

“Богда-Асар холдинг” компанийн “Богд-Ар” хорооллын оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. 2000 оноос баригдаж эхэлсэн тус орон сууцны хороололд анх 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс, сургалтын төв, автомашины зогсоол гэсэн цогц хороолол барих төлөвлөгөөг захиалагчдад танилцуулж байжээ. Гэвч 15 жилийн өнгөрөхөд хороололд дээрх бүтээн байгуулалтаас хийгдээгүй төдийгүй, сургууль цэцэрлэг барина гэсэн газар дээр 12 давхар хоёр орон сууц барихаар болсныг оршин суугчид ярилаа. Энэ тухай тус хорооллын “Тэнгэрийн гэгээ” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Нямдаржаа “Оршин суугчдын тав тухтай амьдрах эрхийг хангаж сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихыг шаардаж байна. Энэ талаар сүүлийн дөрвөн жил шаардаж, холбогдох албадад гомдол гаргалаа. Гэтэл одоо сургууль, цэцэрлэгийн газар дээр барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өгчихөж. “Богда холдинг” компанийн зөрчил ингээд зогсохгүй, Монгол Улсын хууль журмыг зөрчсөн, иргэдийнх нь эрх ашгийг олон жил уландаа гишгэсээр ирлээ” гэв.
2000 оноос барьж эхэлсэн хорооллыг гүйцэтгэгч компаниуд хятадынх юм байна. Тэд барилгаа барьчихаад сураггүй болчихдог гэнэ. Гэтэл барилгынх нь талбай олон метр.кв-аар дутаж хариуцах эзэнгүй болчихдог ажээ. Түүнээс гадна хорооллын дунд байрладаг хятад ресторанууд хоолны үлдэгдэл, бохирыг орон сууцны шугам, хоолой руу асгадгаас хонгилын давхар руу урсч, иргэд гараашд машинаа тавихад хүндрэлтэй болдог ажээ. Энэ талаар НМХГ-т удаа дараа гомдол гаргасан ч зөрчил тогтоогдохгүй байна гэсэн хариу өгдөг гэж байна. Оршин суугчид тус газрын талаар гомдлоо Шадар сайдад гаргахаар болсноо дуулгалаа.
“Богда холдинг” компанийн орон сууцны контороос сүүлийн үед оршин суугчдаас үндэслэлгүй төлбөр хураамж авах болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас дулааны үйлчилгээний төлбөр гэж 5500 төгрөг авдаг болжээ. Төд удалгүй УДТАЗРДА гэх товчилсон нэртэй учир нь үл ойлгогдох үйлчилгээний төлбөрт 6000 төгрөг авч эхэлсэн байна. Энэ мэтээр “Богд-Ар” хорооллын 1000 гаруй оршин суугчдад тулгамдаж байгаа асуудал олон байгааг хурал зохион байгуулагчид хэлсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn









