“Экологбус”-ынхны хууль бус үйлдэл гарчээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх тухай захирамж гаргасан байдаг. Уг захирамжид автобус худалдан авах хөрөнгийг “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргаж, шаардагдах техникийн нөхцөл, бичиг баримт бүрдүүлэхийг Нийслэлийн тээврийн газарт даалгасан юм билээ. Гэхдээ гарах хөрөнгийн тодорхой хэсгийг автобус нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон байна.
Ингээд тендер нь зарлагдахад Экологбус ХХК-ийн ирүүлсэн материал шаардлага хангаагүйгээс хасагджээ. Гэтэл тус компанийн захирал Д.Жаргалсайхан заль гаргаж Нийслэлийн нийтийн тээврийн газартай их багтаамжийн автобус нийлүүлэх гэрээ хийж тендергүйгээр өөрсдийн угсарсан автобусыг шахахаар болсон нь саяхан илрэв. Тиймээс энэ үйлдлийг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс зогсоожээ.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Д.Жаргалсайхан монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээсэн автобус гэсэн нэрээр хууль бус үйлдлээ хаацайлах гэж оролдож байна. Монголчууд автобус угсарч байгаа нь үнэн. Гэхдээ Экологбусын автобусыг нийтийн тээврийнхэн яагаад эсэргүүцээд байгаа юм бэ гэвэл олон улсын стандартаар баталгаажаагүй, сэлбэг, хэрэгслийг урд хөршөөс оруулж ирж угсарчихаад шууд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах нь эрсдэлтэй гэж үзээд байгаа юм байна.
Компанийн захирал Д.Жаргалсайхан заль гаргаж Нийслэлийн нийтийн тээврийн газартай их багтаамжийн автобус нийлүүлэх гэрээ хийж тендергүйгээр өөрсдийн угсарсан автобусыг шахахаар болсон нь саяхан илрэв.
Нийтийн тээвэр гэдэг өөрөө мянга мянган хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж байдаг газар. Иймийн учир Д.Жаргалсайхан нь улс төр, бизнесийн сүлжээ, хамаатан садан, танил талаа ашиглан хууль зөрчиж байгаа гэж түүнийг АТГ-т шалгуулахаар болжээ. Тэдгээр автобусыг нийлүүлэх гэрээнд зааснаар бол нэг автобусыг 135 мянган ам.доллараар өгөх гэж байна. Энэ нь дэлхийн жишгээс давсан үнэ юм. Одоо үйлчилгээнд явж байгаа. БНХАУ, Солонгос автобусны үнэ 45-80 мянган ам.доллар аж. Иймээс Д.Жаргалсайханыг мөнгө угаах гэж байна гэж хардах үндэслэл байгаа бололтой.
Мөн олон улсын жишигт аливаа тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахын өмнө стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоодог. Ийм болохоор Нийслэлийн тээврийнхэн улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашигт захирагдан ажиллаж хожмын эрсдэлийг үүрэхгүй гэдгээ хэлж байна. Д.Жаргалсайхан гэдэг нөхөр яагаад ийм хууль бус үйлдэл хийх гээд байна гэсэн цаана нь улс төрчийн халхавч их бий гэдэг. Дүү Д.Энхсайхан нь Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч “Нийслэлийн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн захирал бас АН-ын зарим нөхөд, Тухайлбал “Алтангадас” фракцынхны дэмжлэг их байдаг гэсэн яриа олны дунд байна.
Өмнө нь Д.Жаргалсайхан төрийн өмчит “Цахилгаан тээвэр” компанийн захирлаар 10 гаруй жил ажиллахдаа удаа дараа алдаа дутагдал гаргаж шалгагдаж байсан ч тэднийхээ ивээлээр хариуцлагаас мултарч байсан юм билээ. Цахилгаан тээвэр компани алдагдалтай ажиллаж тэр дотор хөрөнгийн буруу зарцуулалт их байсныг аудитын шалгалтаар илрүүлсэн ч мөн л цэвэр үлдэж чадсан хүн Д.Жаргалсайхан.
Тус компанийн Нийслэлийн нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээний биелэлт жил бүр муу байв. Тухайлбал 2012 оны гэрээний сар бүрийн үнэлгээ “хангалтгүй” гэсэн дүнтэй болж. Энэ дундаас захирал Д.Жаргалсайхан өөрийн компаниа аваад суудлаа өгсөн байдаг. Иймд хэдийгээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ёстой ч хууль бус үйлдэлтэй эвлэрч болохгүй хэн нэг хүний, байгууллагын эрх ашигт захирагдаж ажиллахгүй гэдгийг нийтийн тээврийнхэн онцгойлж байна.









