Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж өгч байна
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт Япон улсын “Heart saving project” буюу “Зүрхээ хамгаалъя сан”-ийн дэд тэргүүн Хидэши Томита тэргүүтэй Япон улсын эмч нарын баг зүрх судасны гажигтай бага насны хүүхдүүдэд судсан дотуурх мэс ажилбарын тусламж үйлчилгээ үзүүлэхээр 2014 оны 05 дугаар сарын 03- 07-ны хооронд үйл ажиллагаа явуулж байна.
Япон улсын “Heart saving project” нь 2001 оноос хойш Монгол улсын зүрх судасны гажигтай бага насны хүүхдүүдэд эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж өгөх зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй 13 жилийн турш хамтран ажиллаж байгаа билээ.
Энэ удаа Хидэши Томита тэргүүтэй Япон улсын эмч нарын баг тус эмнэлэг дээр зүрхний гажигтай бага насны нийт 30 хүүхдэд судсан дотуурх мэс заслыг хийх юм. “Зүрхээ хамгаалъя сан” төслийн хүрээнд дээрх баг 13 жилийн хугацаанд Монгол улсын нийт 18 аймагт 5000 хүүхдэд эрт үеийн оношилгооны тандалт судалгаа, зүрхний гажигтай бага насны 450 хүүхдэд судсан дотуурх мэс ажилбарын тусламж, үйлчилгээг үзүүлжээ.