Багануурын захирагчийн сонгууль дахина

Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийн сонгууль өчигдөр 07 цагт албан ёсоор эхэлж сонгогчид харьяа хэсгийн хорооны санал авах байранд саналаа өгч эхэлсэн. Өчигдөр 15:00 цагийн байдлаар 1 дүгээр хэсгийн хорооны 5728 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 1161 иргэн саналаа өгсөн байна. Харин хоёрдугаар хэсгийн хорооны хувьд 421 сонгогчоос 151 иргэн саналаа өгсөн бол гуравдугаар хэсгийн хорооны 5429 сонгогчоос 1243 иргэн, дөрөвдүгээр хэсгийн хорооны 3231 сонгогчоос 908 сонгогч, тавдугаар хэсгийн хорооны 4215 сонгогчоос 934 сонгогч тус тус саналаа өгөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, дүүргийн хэмжээнд нийт 19024 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 15 цагийн байдлаар 4394 сонгогч саналаа өгч ирц 23,11 хувьтай байсан юм. Харин санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилсэн ч ирц 51 хувьд хүрээгүй аж. Тиймээс Багануур дүүргийн захирагчийн сонгууль дахин болох нь тодорхой болоод байна.









