Нийслэлийн сургуулиудын 58 хувь нь газар хөдлөхөд нурах эрсдэлтэй

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан 1 ам.доллар гамшгийн дараах сэргээн босголтод зарцуулсан 7 ам.доллартай тэнцдэг гэх судалгааг НҮБ-аас гаргасан байна. Монгол Улсын хүн амын бараг тэн хагас нь амьдардаг Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхитэй бүсэд хамаардаг. Тиймээс гамшиг ослоос өөрийгөө хамгаалах боловсролыг бага сургуулиас нь эхэлж олгохгүй бол эрсдэл ойрхон байгаа сэдвийг "Цагийн хүрд" онцолж байна.
Нийслэлд 2000-2013 оны хооронд газар хөдлөлийн давтамж 10 дахин өсч, өнгөрсөн онд 1147 удаа газар хөдлөлийн чичирхийлэл тэмдэглэгдсэн бол энэ он гарсаар 896 удаа их, бага газар хөдлөлтүүд тэмдэглэгджээ. Хэрэв цаашид газар хөдлөлтийн балл, хэмжээ нэмэгдвэл нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг сургуулиудын 58 хувь нь нурах эрсдэлтэй гэсэн судалгаагаа Дэлхийн банкнаас хийжээ.
Иймээс гэнэтийн аюулт үзэгдлээс өөрсдийгөө хамгаалах дадал, хэвшлийг олон нийтэд суулгах шаардлага зайлшгүй байгаа юм. Чухам ямар арга, хэлбэрээр гамшгийн эрсдлээс өөрийгөө хамгаалж болох гарын авлага, сургалтын материалыг ОБЕГ боловсруулсан гэж байгаа. Харин одоо салбарын яам, Онцгой байдлын хамтын ажиллагаа л чухал гэдэг нь дээрх ярианаас тодорхой байна. Яг өнөөдрийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулиудад яг энэ талын хичээлийн программ алга байна.
2010 онд Гайтид болсон газар хөдлөлтөөс болж 300 мянга гаруй хүн амиа алдаж, барилга байгууламжийнх нь 90 хувь нь нурсан. Манайд 6.6 магнитутын газар хөдлөхөд нийт барилга байгууламжийн 20-40 хувь нь нурж, маш олон хүн амиа алдана гэсэн тооцоолол гарсныг өнгөрөгч 7 хоногт төрийн тэргүүн сануулсан. Олон улсын жишигт эхний ээлжинд иргэн танд 72 цаг хэрэглэх хүнс, гэнэтийн аваар осол, аюулд өртсөнөө бусдад мэдэгдэх гар чийдэн, радио станц гар доороо байлгах ёстой байдаг байна. Газар хөдлөлийн идэвхитэй бүс нутгийн нэг Япон улсад энэ талын боловсролыг цэцэрлэгийн наснаас нь эхэлж заадаг байна.









