Хар тамхины бүлгийг саатуулжээ

Эрүүгийн цагдаагийн хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх алба, Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодисыг бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг бүлгийг саатуулжээ. Энэ ажиллагаа өнгөрөгч баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө болсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Г тэргүүтэй есөн хүнийг баривчилжээ. Тэднээс мөс, героин гэх мэт хар тамхи, мансууруулах бодисын төрлийн бодис илэрсэн байна. Одоогоор тэднийг 461 дүгээр ангид саатуулжээ.
Эдгээр этгээдийг Олон улсын цагдаагийн байгууллагад хэрэглэгддэг хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг тандан судалдаг тестээр шалгахад энэ төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэв.
Эдгээр этгээдийн нэг нь хулгайн хэргээр долоон удаа ял шийтгэл эдэлж байсан. Мөн нэг нь цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдоод батлан даалтад байх хугацаандаа энэ хэрэгт холбогджээ. Эдгээр иргэдийн хувьд 20-36 насных юм байна.
Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2, 192.3.4, 192.3.5 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр хэрэг нь онц ноцтой гэмт хэргийн ангилалд ордог. Улмаар 10-20 хүртэлх жилээр шийтгэдэг аж.









