Дарга нарын машиныг дуудлагын тэрэг болгоно

Энэ онд дээр доргүй эрвийх дэрвийхээрээ хэрэглээгээ хумиж, төсвийн таналтанд хувь нэмэр оруулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Нэн тэргүүнд төрийн байгууллагынхны тансаг, үрэлгэн зардлыг онцолсон. Үүнд төрийн байгууллагынхны хөлөглөдөг унаа, тэрэгний асуудал ногоон гэрлээр орсон билээ. Учир нь төрийн байгууллагын, дарга нарын хөлөглөдөг унаатай холбогдох хэдхэн тоог дурьдахад, үрэлгэн зардлын багагүй хэсэг гарна хэмээн албаныхан тооцоолсон юм.
Бодож үзье:
Төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин ашигладаг. Үүний 800 гаруй нь том оврынх, өөрөөр хэлбэл шатахуун өндөр зарцуулдаг, тансаг зэрэглэлийн автомашин гэсэн үг. Харин 159 нь дунд оврын автомашин юм. Өөрөөр хэлбэл, дарга нарын эдгээр автомашин нь шатахуун ихээр зарцуулдаг, үнэтэй сэлбэг хэрэгсэл ашигладаг. Нэг автомашинд л гэхэд жилдээ 4000 орчим литр шатахууныг зарцуулдаг. Үүнийг төсвөөс гаргадаг гэсэн үг.
Тэгвэл дарга нарын автомашин, шатахуун, гарааш, жолоочид жилдээ зарцуулдаг мөнгийг тооцоолъё:
- Шатахуун - 16.3 тэрбум төгрөг
- Гарааш - 3.6 тэрбум төгрөг
- Сэлбэг хэрэгсэл - 5 тэрбум төгрөг
- Жолоочийн цалин - 25 тэрбум төгрөг
- Нийт дүн - 50 тэрбум төгрөг
Гэхдээ дарга нарын тансаг автомашин, зардлын асуудал нь цоо шинэ зүйл биш юм. Учир нь дарга нарын тансаг зэрэглэлийн автомашины асуудлыг 7, 8 жилийн өмнөөс ярьсаар ирсэн. Үе үеийн Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг сөхдөг ч үйл хэрэг болгох дээрээ гацдаг байв. Жишээ нь: Төрийн албаныхан тансаг зэрэглэлийн жип худалдан авахад С.Батболдын Засгийн газрын үед гурван тэрбум гаруй, Н.Алтанхуягийн засаглалын хоёр жилд есөн тэрбум төгрөгийг зарцуулсан гэх дүн байдаг.
Ямартай ч сүүлийн долоо, найман жилийн турш цаасан дээрхээс хэтэрдэггүй байсан тогтоол 2015 онд хэрэгжиж эхлэв. Энэ хүрээнд 2015 онд төрийн байгууллагуудаас 100 км-т 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг 60 орчим автомашиныг хурааж орон нутаг, хилийн боомтууд руу хуваарилсан талаар Засгийн газрын автобаазын ерөнхий инженер Д.Ванганжил мэдээлсэн юм. Тухайлбал, мотор сайтай, хүчтэй автомашин шаардлагатай байдаг орон нутгийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хилийн заставуудад эдгээр автомашинуудыг тараажээ.
Харин дараагийн ээлжинд 80 автомашин хураах жагсаалт гаргасан хэмээн Төрийн өмчийн хорооны төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од мэдээлсэн юм. Харин энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Засгийн газрын автобаазын ерөнхий инженер Д.Ванганжил “Төрийн өмчийн хорооноос удахгүй эхэлнэ гэж мэдээлсэн. Тогтоол нь гарсан юм билээ. Одоогоор манайд төрийн байгууллагуудаас хураасан машин нэмж ирээгүй” гэв. Харин хоёрдугаар ээлжинд хураах тансаг зэрэглэлийн машинуудыг өмнөх шиг орон нутагт тараахгүй юм байна. Засгийн газрын баазад төвлөрүүлнэ. Шаардлага гарсан үед дуудлагаар үйлчилдэг системд оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр төрийн байгууллагын дарга, “хурган” дарга нарын тансаг хэрэглээ, хий дэмий зарцуулалт багасч, төсөвт ирэх ачааллыг багагүй хувиар хөнгөлнө хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм.









