VIII Богд Жавзундамба хутагтын дурсгалын хөшөөний загвар шалгаруулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 сарын 20-ны хуралдаанаар VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаад байна.
Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шавийг 2013 оны 12 дугаар сарын 29-нд Тусгаар тогтнолын талбайд тавьсан бөгөөд үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан зохион байгуулагч, Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын түүхэн гавъяаг мөнхжүүлэх зорилгоор түүний дурсгалын хөшөөний загвар шалгаруулах уралдааныг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд явуулахаар болжээ.
Уралдаанд оролцох уран бүтээлчдийн бүтээлүүдийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордоны 13 давхарт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтэс хүлээн авах юм байна.