Монголчуудын “Хаврын баяр-2014” наадам болов
Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд “Хаврын баяр- 2014” наадам болов. 14 дэх жилдээ болж байгаа энэхүү наадмыг Япон дахь Монгол оюутны холбоо /ЯМОХ/ зохион байгуулж, Монгол улсын Элчин сайдын яам, Нэрима дүүргийн захиргаа, Монгол Улстай найрамдал, соёлоор хамтран ажилладаг Японы олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс дэмжлэг үзүүлжээ.
Наадмын талбайд монгол гэр, майхан, асар алаглаж, монгол, япон олон мянган хүн цугласан байв. Монгол дээл, малгайгаар гангарсан япон морин хуурчдын Тэнма /”Тэнгэрийн хүлэг”/ хамтлаг Н.Жанцанноровын алдарт “Монгол аялгуу”-г эгшиглүүлснээр “Хаврын баяр-2014” эхлэв. Наадмыг нээж ЯМОХ-ны дарга Ж.Цэрэнчимид үг хэлж, Элчин сайд С.Хүрэлбаатар, Нэрима дүүргийн Гадаад харилцааны албаны дарга Х.Озаки нар мэндчилгээ дэвшүүлэв.
Наадмын нээлтийн тоглолтод Японы уртын дуучин М.Ито “Урьхан хонгор салхи”, хөөмэйч К.Мураками монгол хөөмэйн олон хувилбарыг чадварлаг танилцуулсан бол морин хуурч А.Бат-Эрдэнэ, хуурч, хөөмэйч А.Долгион, Ё.Мияахара, ятгач Ч.Мягмарсүрэн, дуучин О.Солонго, бүжигчин З.Бүжин, Х.Оюунчимэг, Д.Батчимэг нар монгол дуу, бүжгийн гайхамшгийг харуулж, япон бөмбөрчид ч ур чадвараа гайхуулав. Япон, монгол залуус үндэсний хувцасны загварын шоу үзүүлэв. Мөн өдрийн орой нь поп дуучин С.Бархас, Моханик, Шанз 3 хамтлагийн тоглолт наадамчин олны сэтгэлийг байлдан дагуулав.
Наадмын талбайд барьсан гэр, асруудад Монгол орны түүх, соёл, эдийн засаг, нийгмийн ололтуудыг сурталчилсан самбар, гэрэл зураг, уран зургуудыг монгол оюутнууд тайлбарлаж байв. Мөн монгол дээл, япон кимоно өмсөн зураг авахуулах, шагай шүүрэх, морь уралдуулах гэх зэрэг монгол наадгай тоглуулж байв.
Монгол бичгийн уран татлага, монгол зан заншлын булан олны сонирхлыг татаж байв. Монголтой хамтран ажилладаг 20 гаруй нийгэмлэг, компани сурталчилгааны булан ажиллуулсны дотор монгол чацарганы ундаа, бэлэг дурсгалын зүйлсийн борлуулалт сайн явагдав. Монгол, япон хоолны 10 гаруй асар үйлчилж байв.
Наадмын оргил арга хэмжээ нь яах аргагүй монгол бөхийн барилдаан байв. Монгол, Өвөр Монголын 32 залуу бөх шатарчлан барилдаж, Монгол улсын бөх Дамба түрүүлж, Өвөр Монгол бөх Жарандолоо үзүүрлэв. Сүмо бөхийн аварга Хакүхо,Какүрюү тэргүүтэй бөхчүүд монгол бөхийн барилдаан үзэж, наадамчдад мэндчилгээ дэвшүүлэв.
Наадмын үеэр монгол, япон хүүхдүүдийн дунд “Миний нүдээр харсан Япон, Монгол орон” сэдэвт зургийн уралдаан явагдаж, 20 гаруй бүтээл оролцов. Мөн насанд хүрэгчдийн дунд дээрх сэдвээр явагдсан гэрэл зургийн уралдаанд 10 гаруй бүтээл шалгарав.
“Хаврын баяр-2014” арга хэмжээний хүрээнд Монголын боловсрол, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаарх “Монгол коллеж” семинар зохион байгуулагдаж, Япон улсаас Монгол улсад сууж байсан Элчин сайд М.Ханада, Хитоцүбаши их сургуулийн профессор, монголч эрдэмтэй К.Танака, тус сургуулийн багш М.Ариунтуяа, Аояама их сургуулийн багш Н.Ивата, МҮХАҮТ-ийн Япон дахь төлөөлөгч Ө.Өлзий тэргүүтэй эрдэмтэн, эдийн засагч нар оролцож, илтгэл тавив.
Наадмын талбайд Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтнууд Японы орон нутгаас ирсэн иргэддээ консулын үйлчилгээ үзүүлж, Монгол улс, Монгол,Японы харилцааны тухай материал тарааж байв.
“Хаврын баяр -2014” арга хэмжээнд нийт 60 гаруй мянган хүн хамрагдав.