ХХААЯ: Үр тарианы хураалт 31.3 хувьтай байна

2015 оны 9 сарын 29

Улсын хэмжээнд үр тарианы хураалт 31.3 хувьтай үргэлжилж байгаа талаар ХХААЯ-наас мэдээллээ. Хамгийн сүүлийн нэгтгэсэн дүнгээр тариаланчид 92.9 мянган га талбайгаас 78.9 мянган тонн үр тариа хураан авсан байна. Энэ онд үр тарианы ургац хураалт есдүгээр сарын дөрөвнөөс эхэлсэн юм.

Үр тарианы болц харилцан адилгүй байгаатай холбоотойгоор ургац хураалт өнгөрсөн онтой харьцуулахад бага зэрэг удаашралтай явагдаж байгаа гэж салбарын яамнаас мэдээллээ. Үүнээс гадна ургац хураалтын ажилд цаг агаарын нөхцөл байдал сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн дундуур тариалангийн гол бүс нутгаар хур тунадас, зарим уулархаг нутгаар цас орсны улмаас ургац хураалтын ажил түр хугацаанд зогссон юм.

Мөн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ долоо хоногт эдгээр бүс нутгаар агаарын хэм буурч, бороо, нойтон цас орж, хүйтрэх төлөвтэй байгаа учраас ургац хөлдөж, хайрагдах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Ургацын урьдчилсан балансаар энэ онд 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөвтэй байгаа аж.

Өөрөөр хэлбэл хүн амын хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай хураан авах хүлээлттэй байгаа юм. Харин гурилын хэрэгцээнд дутагдах 106.4 мянган тонн буудайн нөөцийг бүрдүүлэхэд эн тэргүүнд дотоодынхоо тариаланчдын тарьсан стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг худалдаж авахаар болсон юм. Энэ хүрээнд ХХААЯ буудайн цавуулгыг хэмжих шинэ төхөөрөмж худалдан авсан гэж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25529
0 эможи
keyboard_arrow_up