“Эксклюзив”-ийн Г.Майцэцэг “май” гээд өгөхөөс татгалзсанаа мэдэгдлээ

Төрд дарамтлуулсан гэх бизнесмэн бүсгүйн брендийн бараагаа үнэгүй тараах мэдэгдэл үйлдэл өнгөрсөн долоо хоногийн гол шуугианы нэг байлаа. Тэрээр татварын албаны ёс зүйгүй үйдлийг эсэргүүцэж 120 сая төгрөгний бараагаа энэ амралтын өдрүүдээр үнэгүй тараахаа мэдэгдсэн. Үүнд нь итгэсэн хүмүүс хорооллын “Номин”-д шавж хаалга үүдийг нь эвджээ. Харин эцсийн мөчид “Эксклюзив”-ийн Майцэцэг бараагаа үнэгүй тараахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр өөрийн хөлс хүчээрээ бүтээсэн брэндээ үнэгүйдүүлэхгүй гэсэн хэмээн шалтгаанаа тайлбарлажээ. Үнэгүй тараах тухайд сэтгэлийн хөдлөлөөр ам алдсан болж таарчээ. Иймэрхүү явдал эмэгтэйчүүдэд тохиолддог л биз. Өмнө “бэнц” хатагтай Моносын эмийн сангийн эмэнд хордсон хүүхдүүдийн эмчилгээг насаар нь хариуцна даана гэчихээд дараа сандрахдаа хэлчихсэн гээд цайруулсан удаа бий. “Эксклюзив”-ийн Майцэцэг амлалтаа цуцалсан нэг талаараа зүгээр ч юм шиг. Хэрвээ бараагаа тараагаад дууссан бол энэ брэндийг өмссөн бүх хүн үнэгүй юмыг дайрч шуурч авсан гэгдэх байлаа. Бизнесмэн бүсгүйд уг нь өөр арга байсан. Үнэхээр л татварынхан дарамталсан юм бол бүх бараагаа ачиж аваад Татварын ерөнхий газрын үүдэнд асгаад үүгээрээ татварын өрөө төлчихье, харин дансыг маань нээчих гэсэн бол хамаагүй “гоёор” харагдах байлаа. Өдгөө “Эксклюзив”-ийг монголчууд бүгдээрээ мэддэг болсон ч үнэгүйдсэн бренд гэдэг муу нэр салахгүй дагаж явах нь…









