Нийслэлийн алслагдсан хороодруу зорчих нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэнэ

2014 оны 5 сарын 05

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зарим дүүргийн Засаг нар хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцууллаа.
Баянгол дүүргийн 3, 4-р хорооллыг бизнес эрхлэгчдийн санаачилгаар “Худалдааны гудамж” болгохоор төлөвлөжээ. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо танилцууллаа. Албан ёсны зөвшөөрөл авахаар нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлжээ. Мөн Баянгол дүүрэгт ашиглалтын шаардлага хангахаа больсон 50 хуучин барилга байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах талаар шийдвэр хэрэгтэй байна гэлээ.
 Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа Ургах наран, Хужирбулан, Улайстай зэрэг алслагдсан хороодруу иргэд зорчих нийтийн тээврийн асуудал хүндрэлтэй байгаа талаар дүүргийн иргэдээс гомдол ирснийг уламжиллаа. Мөн инженерийн шугам сүлжээний 240 худаг таггүй байгаа гэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн юм.
Үүний дагуу нийслэлийн Засаг дарга инженерийн шугам сүлжээний таггүй худгуудыг яаралтай тагтай болгох үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд өглөө. Харин алслагдсан хорооруу зорчих иргэдийн нийтийн тээврийн асуудлыг “Нийтийн тээврийн сүлжээ үйлчилгээ”-рүү шилжлүүлж, удахгүй шийдвэрлэнэ гэлээ.
Харин Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс өнөөдрийг хүртэл өөрсдийн байргүй. Дүүргийн тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус дүүргийн Засаг дарга М.Гончигжав мэдээллээ. Мөн Багануур дүүрэгт 100 ортой Канад технологийн цэцэрлэг ашиглалтад орох гэж байгаа. Ашиглалтын зардлыг нийслэлээс шийдвэрлэх шаардлагатай гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга тус цэцэрлэгийн үйл ажиллагааны зөвшөөрөл, ашиглалтын зардлыг шийдвэрлэж захирамж гаргахаар боллоо.
Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байрлах Монгол Улсын төрийн далбаа далийж, гэмтсэн байна. 2008 онд УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн өөрийн хөрөнгөөр Төрийн далбааг байршуулсан бөгөөд ашиглалтыг Хан-Уул дүүрэг хариуцахаар болжээ. Харин 5 жилийн дараа гэмтсэн тул хугацаа алдалгүй засах шаардлагатайг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг уламжиллаа. Далбааг засварлахад 160 сая төгрөг шаардлага гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга “Нийслэлээс энэ хөрөнгийг шийдвэрлэх боломжгүй. Урсгал зардал гэхэд хэтэрхий өндөр өртөгтэй байгаа тул Ерөнхий сайдад асуудлыг танилцуулах нь зүйтэй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2508
0 эможи
keyboard_arrow_up