Эрээнээс хулхи бараа авбал эрхээ хамгаалуулаарай

2015 оны 9 сарын 11

Монголын хэрэглэгчид хулхи, чанаргүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зэргээр элдвээр хэлдэг ч хямдыг нь бодож худалдаалсаар байдаг бараануудыг өмнөд хөршийн Эрээн хотоос импортлодгийг хэн хүнгүй мэднэ. Улс орны эдийн засгийн хямралыг дагаад олон иргэд арилжаа наймаа хийхээр тус хотыг зорьдог ч өр тавьж олсон хэдэн төгрөгөө “туршлагатай” наймаачдад хулхидуулан, зүгээр шахуу өгчихөөд ирэх явдал олонтаа тохиолддог билээ.

БНХАУ-ын Эрээн хотын нийт худалдааны 60 гаруй хувийг Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд хангадаг. Иймд ӨМӨЗО-ы Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчоо хуурамч бараа борлуулж, иргэдийг хохироосон аж ахуйн нэгжид шалгалт явуулж, торгох, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

-ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН БОЛ 12315 УТСАНД ХАНДАНА УУ-

Өнгөрсөн онд Эрээн хотын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгт Монгол Улсын 84 иргэний гомдол санал бүртгэгдсэн бөгөөд гомдол бүрийг хүлээн авч, хуулийн дагуу холбогдох аж ахуйн нэгжүүдэд тохирох арга хэмжээг аван шийдвэрлэсэн аж.

Хэрвээ та ямар нэгэн байдлаар худалдаа наймаа хийхдээ таны эрх зөрчигдөж, хууль бус үйлдэлд өртсөн гэж үзэж байвал Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны

Монгол улсаас залгах бол: 001-86-12315 /суурин утсаас/ 

Эрээн хотоос залгах бол: 86-0479-12315, 86-0479-7533315 гэсэн утас руу залган монгол хэлтэй байцаагчид хандахаас гадна биеэр очиж өргөдөл гомдлоо гаргаж болох юм. Ингэснээр таны гаргасан өргөдлийн дагуу хэргийг шуурхай шалгаж, тухай бүр хохирлыг барагдуулна.

-ХУУРАМЧ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАСЛАН ЗОГСООНО-

Монголчуудын хувьд өрөөсөн оймс, цоорхой өмд, брендийн нэрийг төөрөгдүүлж бичсэн бараа бүтээгдэхүүнүүд “сонин” биш болсон. Уг нь энэ бүхэн хууль бус үйлдэл ч бидний хувьд тоглоом шоглоом, хошин шогийн сэдэв, инээдэм наргиа болоод удаж. Ийм бараа бүтээгдэхүүнтэй таарлаа гэхэд худалдаж авсан хүнийх нь хохь болоод, худалдаж чадсан нэгнийх нь аз болоод л өнгөрнө. Хуулийн байгууллагад хандлаа ч зохицуулалт байхгүй тул хууртсан наймаачин бас л нэгнийг нь хуурч ашгаа олохоос өөр аргагүй байлаа.

Одоо Монгол улсын зах зээл дээр борлуулагдаж байгаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байж болзошгүй бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг үнэн бодитоор өгөх, “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох, хяналт тавих арга хэмжээнүүдийг Монгол, БНХАУ-ын Эрээн хот хамтран таслан зогсоохоор боллоо.

Түүнчлэн Монгол Улсыг урд хөрштэй холбосон 12 хилийн боомт орчмын нутагт хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх ажлыг харилцан уялдуулах, хуурамч бараа бүтээгдэхүүний хяналтыг сайжруулахаар ажиллаж байна.

Б.ГЭРЭЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25065
0 эможи
keyboard_arrow_up