ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭД Р.БУРМАА, З.ЭНХБОЛД НАРЫГ АТГ-Д ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнөхөн цөөнгүй хууль бөөндөж баталсан. Үүнийг нэг нь “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төсөл. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас эхлээд нэлээд хэдэн гишүүд тууштай эсэргүүцэж байсан ч эцэстээ батлагдсан. Тэгвэл зүүн хязгаарт чөлөөт бүс байгуулахыг нутгийн иргэд эсэргүүцэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд өмгөөлөгч Г.Батбаярын хамт тус сумын оюутан залуучуудын төлөөлөл оролцсон юм. Мэдээллийнхээ эхэнд тэд Халхголд чөлөөт бүс байгуулахыг нутгийн иргэд 100 хувь эсэргүүцэж, дараа дараагийн арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн. Мөн түүнчлэн уг хуулийн санаачилсан УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмааг УИХ-ын дарга З.Энхболдын хамт АТГ болон Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулах болсноо хэлсэн юм.
Өмгөөлөгч Г.Батбаяр Халхголд чөлөөт бүс байгуулах тогтоолын төсөл нь Үндсэн хууль болоод өөр бусад хуулиудын хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн гэсэн юм. Тэрбээр хэлэхдээ хамгийн эхлээд тухайн газар нутагт нь чөлөөт бүс байгуулах гэж байгаа бол эхлээд нутгийн иргэдийн санаа бодлыг сонсож, саналыг авсны дараа бүх нийтэд нээлттэй, ил тодоор санал асуулга явуулах ёстой ч шийдвэр гаргагчид нууц байдалд ажилласан хэмээсэн юм.
Харин нутгийн иргэдийн хувьд УИХ-ыг ҮХ-ийн 25.16-р зүйлд байх “ард нийтийн санал асуулга явуулах...” гэсэн заалтыг зөрчиж иргэдийн оршин сууж буй газрыг дур мэдэн бусдад өмчлөхөөр санаархаж байна гэж үзэж байгаа юм. Тиймээс цаашид эсэргүүцлээ илэрхийлсээр байх болно гэлээ.









