Өршөөлийн хуулиар 82 мянган жолоочийн эрхийг сэргээнэ

Өршөөлийн хуулийн Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хориг тавьсанаас бусад зүйл заалт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан өчигдөр болж Комиссын ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцож, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар комиссын гишүүдэд үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, энэ оны долдугаар сарын 2-ноос өмнө жолоо барих эрхээ хасуулсан 82 мянга орчим иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх юм. Мөн ял эдэлж буй 730 орчим хүн суллагдах, 970 орчим хүнээс хоёр жилийн хорих ял хасагдаж суллагдах, 770 орчим хүнээс хоёр жилийн ял хасагдаж үлдсэн ялаа эдлэх зэргээр нийт 1700 орчим хүн хорих байгууллагаас суллагдан гарах юм. Харин 161 орчим хүн өршөөлд хамрагдахаар байсан ч Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал эдгээр 161 хүн өршөөлд хамрагдахгүй. Мөн Ерөнхийлөгчөөс 91.1, 91.2, 147.2, 281.3 гэсэн зүйл ангиуддаа тодорхой хэмжээний ял хасаач гэж хориг дээрээ тавьсан байгаа. Энүүгээр бодвол 1700 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдана гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хоригийг хэлэлцсэний дараа ял эдэлж буй иргэдийг суллахад гаргах тооцоо зардлын асуудлыг хэлэлцээд Засгийн газарт өргөн барьсан байгаа. Эдгээр иргэн өршөөлийн хуульд хамрагдвал орон нутагт нь хэрхэн хүргэх гэх мэт асуудлыг комиссын хурлаар ярьсан. Улмаар зардлыг нь Хууль зүйн сайдад танилцуулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.









