Шатдаг занар хэмээх “Б” төлөвлөгөө
“Genie Oil Shale Mongolia” ажлаа хумьж эхлэв. Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийг дамнан тэд их ажил хэрэг өрнүүлж байсан нь саяхан. “Төв” талбайн геологи, геофизикийн ажлууд үндсэндээ шувтарсан ч өрөмдлөгөөр занарын дээж авч, лабораторид шинжлэх ажил гурван жил саатжээ. Завсрын энэ мөчлөгийг ард иргэдийн шахалт, эсэргүүцэл болоод дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ гэсэн хоёр хүчин зүйл уртасгаж байна хэмээн “Genie Oil Shale Mongolia” компанийнхан тайлбарлалаа.
“Genie Energy”-гийн санхүүгийн тайлангаас үзвэл сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол дахь эрлийн ажилд нийт 8.2 сая ам.доллар зарцуулсан байгаа юм. Гэхдээ одоо дэлхийн зах зээлийн эцэс төгсгөлгүй эрэлт, Монголын эрдсийн нөөц гэсэн сайн нөхцөлүүд ч хөрөнгө оруулагчдыг даллан дуудаж чадахгүй бололтой. Яагаад гэж үү? Дэлхийн зах зээлд хар алтны ханш улаан бүсэд тэмдэглэгдэж байгааг Та, бид өдөр тутам харж байна.
Шатдаг занарын эрэл хийх хүсэлтийн тоо багасжээ
Үнийн график нь өдөр ирэх тутам уруудсаар. Мягмар гарагийн байдлаар “Brent” маркийн түүхий тосны үнэ 42.69, Америкийн “West Texas” 38.24 ам.доллартай тэнцээд байгааг Та дэлхийн санхүүгийн мэдээллүүдээс лавлан харж болно. Дэлхийн зах зээлд хар алтны үнэ ийнхүү хөл дор унаж буй мэдээг монголчууд нэг их тоогоогүй болов уу. Олон улсад хямдарсан ханш нь холын монголчуудын шатахууны үнэд огтхон ч нөлөөлөөгүй хойно яаж ч тоох билээ. Гэхдээ нэг жилийн дотор хоёр дахин агшчихаад байгаа уг түүхий эдийн үнэ угтаа монголчууд шатах, тослох материалын хараат байдлаас ангижрах, эсэхийг харуулах нэг ёсны шууд бус үзүүлэлт байлаа.
“Шатдаг занар бол Монгол дотооддоо нефтийн бүтээгдэхүүний эх үүсвэртэй болох нэг том боломж” хэмээн Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган тодотгожээ. Тэрбээр цааш нь “Одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт 788 тэрбум тонн шатдаг занарын нөөц бий гэж тооцоолсон. Гэхдээ энэ нь шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд л хийсэн судалгаа. Тэгэхээр Монгол шатдаг занарын нөөцөөрөө Саудын Арабын нефтийн нөөцтэй дөхөж очихоор байгаа биз дээ” хэмээн ярьсан нь Уул уурхайн яамны цахим хуудсанд тэмдэглэгджээ.
Тэгтэл өдгөө дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ өөрийн өртгөөсөө бараг дор буюу 30- 40 ам.доллараар үнэлэгдэж байна. Харин шатдаг занараас нэг баррель газрын тос гарган авахад ойролцоогоор 40 ам.доллар зарцуулдаг жишиг олон улсад бийг “Genie Oil Shale Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Ц.Ганцог тэмдэглэсэн. Энэ мэдээллийн сүр дор юуны түрүүнд, өдөрт 6700 тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн сураг холдож, ард түмний эсэргүүцэл дор найдлага нь улам бүдгэрсээр байна.
“Монголд шатдаг занар буюу уламжлалт бус газрын тосны эрэл хийх хүсэлтийн тоо багассан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасантай холбоотойгоор олборлолтын өндөр зардалтай энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь буурч байгаа. Хайгуулын үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалд орсон” гэж Газрын тосны газрын Хайгуул, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Түвшинжаргал ярив.
Тэрбээр цааш нь “Шатдаг занар олборлох зардал нь уламжлалт аргаар газрын тос олборлохоос өндөр. Өөр шинэ техник, технологи хэрэглэж байж олборлодог учраас газрын тосны үнэ доошлохоор энэ талын судалгаа нь буурч байна гэсэн үг” хэмээн учирлав.
Шатдаг занар нь газрын тосыг орлох эрчим хүчний эх үүсвэр гэж тооцогдож байна
2014 оны долдугаар сарын 1-нд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш Монголын уудам нутгаас шатдаг занар эрэх 20 гаруй хүсэлт Газрын тосны газарт иржээ. Эдгээрийн 11 нь өнгөрсөн жил, 14 нь энэ онд ирсэн байх юм. Гэхдээ одоогийн байдлаар гурван талбайд хоёр компани л Эрлийн гэрээг Газрын тосны газартай байгуулжээ.
Нэг нь “Genie Oil Shale Mongolia” гэдгийг Та, бид мэднэ. Харин нөгөө компани нь “Дорнын хар алт”. Дорноговь аймгийн гурван сум, Өмнөговь аймгийн нэг сумын нутгийг хамран тус компани шатдаг занар эрж буй. Энэ нь гагцхүү судалгааны анхан шатны ажил буюу Газрын тосны тухай хуульд тодорхойлсноор “Шатдаг занарын хэтийн төлөвийг тогтоох зорилгоор геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажил” гэдгийг энд тодотгоё. Өөрөөр хэлбэл, ажил зөвхөн эрлийн шатандаа яваа юм. “АНУ-д шатдаг занарын хайгуул, олборлолт нэлээд эрчимжиж байснаа одоо зогсонги байдалтай болчихсон. Манайд ч гэсэн занарын чиглэлээр эрлийн гэрээ байгуулсан талбайд ажил нь төдийлөн эрчимтэй явагдахгүй байна” хэмээн Газрын тосны газрын Хайгуул, судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяр тэмдэглэв.
Угтаа шатдаг занар нь газрын тосыг орлох эрчим хүчний эх үүсвэр гэж тооцогдож байгаа. Тухайлбал, газрын тосны нөөц, үүц юу ч үгүй Эстони улс эрчим хүчнийхээ 85 хувийг шатдаг занараас хангадаг. Нефтийн хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Хятад улс ч эрчмийн дараагийн эх үүсвэрээ бэлтгэхээр шатдаг занарын хайгуул эрчимтэй хийж байна.
Харин Монгол Улсын хувьд шатдаг занарын хайгуулыг эрчимжүүлэхээр эрх зүйн таван баримт бичигт тусгасан. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүнийхээ дотоодын хэрэгцээг хангах “Б” төлөвлөгөө нь шатдаг занар. Газрын тосныхоо хажуугаар шатдаг занараа ашиглаж байж Монгол Улс эрчим хүчний бодлогоо толгой даан авч явах мөрөөдөл бий. Улмаар экспортлох төлөвлөгөө биелэх учиртай. Гэвч нөгөө талд нь хар алтны үнэ улам хямдарсаар.