Энэ жил ургацынхаа 53.7 хувийг хурааж авах дүн гарчээ

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийжээ. Тариалан бүхий аймаг, сумдаас ургацын төлөв байдлын мэдээг авч нэгтгэснээр энэ оны ургацын урьдчилсан баланс дүн гарлаа.
Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоожээ.
Энэ жилийн хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг 5 дугаар сарын 03-наас 5 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулж, тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авсан дүнд 14 аймгийн 336.5 мянган га үр тарианы талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 63.8 % нь соёололтоор чанарын онц, сайн үнэлгээтэй байсан аж.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг, хэрэгцээт гурилынхаа 58,2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гарсан байна.









