Цэцэрлэгүүдийн гадаа багахан хэмжээний дайн болж байна

2015 оны 8 сарын 24

    2015-2016 оны хичээлийн шинэ жил тун удахгүй эхлэх  гэж байна. Эдгээр өдрүүдэд сургууль цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн. За сургууль ч яах вэ нэг ширээнд гурав, гурваараа тохой нийлүүлэн суугаад болоод байдаг хойно. Харин цэцэрлэгийн асуудал тун хүнд. Манай улсад цэцэрлэгийн насны 100 гаруй мянган хүүхэд байгаагаас өнөөдөр ердөө 90 мянга орчим нь  цэцэрлэгт хамрагдаж чадаж байна.

Гэтэл үүний цаана байгаа 21 мянган хүүхдийн асуудал үнэхээр бүрхэг. Өөрийн үр хүүхдээ хэн ч хаалганы цаана цоожлоод үлдээхийг хүсэхгүй шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд өнөөдөр эхэлж буй цэцэрлэгийн бүртгэлд амжиж бүртгүүлэх санаатай нэлээд хэд хоногийн өмнөөс дугаарлажээ.

Хөгшин настай хүмүүс ач зээгээ амжиж бүртгүүлэх санаатай харьяа хорооныхоо цэцэрлэгийн гадаа хэдэн цагаар сууж байсантай олон таарлаа. Уг нь энэ жилээс эхлэн цэцэрлэгийн бүртгэлд ямар нэгэн хүндрэл гарахгүй байхаар бэлтгэл ажлыг хангасан хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдэгдэж байсан. Тэгсэн хэдий ч цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас амжиж бүртгүүлж чадахгүй байх вий хэмээн болгоомжилсон иргэд цэцэрлэгийн гадна хуваарь гарган хонон өнжин дугаарласан байна. Ингээд яг бүртгэл өглөөний 09:00 цагтай  уралдан эхлэхэд  тэнд багахан хэмжээний дайн боллоо. 30-40 хүүхдийн квоттой цэцэрлэгийн үүдэнд 200-300 хүн дугаарлаж байхад  арга ч үгүй биз дээ.

Ингэж хонож, өнжихөөс өөр аргагүй тухайгаа ч иргэд учирлаж байлаа. Учир нь нэг хороонд цэцэрлэгийн насны 700-аад хүүхэд байгаагаас хорооны цэцэрлэг нь энэ жил ердөө 70 хүүхэд л шинээр нэмж авах боломжтой хэмээн мэдэгджээ. Иймд тэдгээр 70 хүүхдийнх нь тоонд оруулах санаатай олон арван эцэг эхчүүд ийнхүү дугаарлаж байгаа нь энэ аж.

Тэдгээр эцэг эхчүүд цэцэрлэг бариад өгч чадахгүй бол адаглаад гэр цэцэрлэг ч болтугай байгуулаад ажилгүй иргэдийг ажлын байртай болгож нялх үрсийг маань аюулгүй орчинд сурч, хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлээд өгөөч хэмээн гуйж байна.

Өнөөдөр манай улсад нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлын нэг бол яах аргагүй цэцэрлэгийн асуудал болоод байна. Эх орныг минь  эрүүл аюулгүй орчинд зөв хүмүүжсэн хүүхдүүд л ирээдүйд авч явах учиртай. Гэтэл манай улсад хүүхдүүд хамгийн аюултай орчинд сурч, хүмүүжиж байна. Дээвэр нь нурж унасан, шал нь цөмөрч орсон, хана нь цуурсан ийм л аюултай барилга байшинд хүүхдүүд хүмүүжиж байна. Бас болоогүй ээ багш нар нь зодож хүүхдийн биед гэмтэл учруулна.

Ингээд бодохоор манай улс хүүхдэд хамгийн ээлгүй орон ч юм шиг. Төрийн өндөрлөгүүд нь  өч  төчнөөн газрын шавхагдашгүй мэт баялагтай хэмээн чээжээ дэлдэж бид баян хэмээн хоосон орилж, зурагтаар өөрсдийгөө дөвийлгөж байх хойгуур улс орны минь гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд маань сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхээ эдэлж чадахгүй цоожтой хаалганы цаана үлдсээр байна.

Энэ жил нийслэлд тэдэн тийм цэцэрлэг ашиглалтад оруулна хэмээн ярьсаар л байна. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдсэн эдгээр өдрүүдэд хамаг ажил нь зуун задгай, цэцэрлэгт амжиж бүртгүүлчих санаатай эцэг эхчүүд ажил төрлөө алдан хэдэн хоногоор ч хамаагүй дугаарлан хоорондоо тэмцэлдсээр байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24561
0 эможи
keyboard_arrow_up