Нисэхийн салбарт улс төрийн бус мэргэжлийн томилгоо хэрэгтэй

Иргэний нисэхийн салбарын мэргэжлийн холбоод саяхан Төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээв. Сүүлийн үед улстөрчдийн буулганд ганц үг хэлэлгүй зүтгэж ирсэн ч тэд асуудлыг хэн нэгэн дарга даамалд хамаатуулах гээгүй нь захидлын утгаас илт.
Харин салбарт нь улстөржсөн томилгоо нэлээдгүй явж, түүний дүнд нислэгийн аюулгүй ажиллагааны гол хүчин зүйл болох боловсон хүчний бодлого, бүх шатны менежментийн тогтолцоо гажуудсан нь ийнхүү хөдлөхөд хүргэжээ. Энэ салбар дахь мэргэжлийн өндөр боловсролтой, олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан, салбартаа болон гадаадад танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн ажилтнуудыг бүтцийн өөрчлөлт нэрээр хоморголон халдаг явдал газар авсан. Ялангуяа 2013 оны бүтцийн өөрчлөлтөөр энэ байдал хэрээс хэтэрч, салбарын хамгийн доод төвшнийг хүртэл хамарчээ. Гэтэл улс төрийн томилгоогоор ирсэн хүмүүс нь эргээд тус салбарын хэрэгцээ шаардлагыг төр засагт тайлбарлан, мэргэжлийн зөвлөгөө өгч чадахгүйгээс урт насгүй шийдвэрүүд олноор гарах болж. Дээр нь улстөржилтийн бас нэгэн хорлонтой балаг нь салбарын мэргэжилтнүүдийн дундах талцлыг дэвэргэж, улстөрчдийн нөмөр нөөлөг хайсан дараагийн үеийн залуус бэлтгэгдэж эхэлсэн гэнэ. Шинээр боловсон хүчин бэлтгэж чадахгүй шахам, бэлтгэж авсныгаа мэргэжил дээшлүүлэх сургалт, туршлага судлах томилолтод хамруулж чадахгүй байхад байдал ийм болсон нь эмгэнэлтэй.
2012 оны сонгуулиас хойш тус салбарт халаа, сэлгээ, түүнийг дагаад элдэв томилгоо тасраагүй. Ингэж өөрчлөгдөх тоолонд нь удирдах албан тушаалууд болон дунд, доод шатанд улс төрчдийн нөлөө орж, шахааны хүмүүс олноор орж ирэх болсон байна. Хамгийн гол нь шинээр ирж байгаа, салбарын ойлголтгүй хүмүүс техник технологийн шийдэл, үндэслэл, судалгаа муутай, зайлшгүй хэрэгцээгүй бөгөөд хямд өртгөөр шийдэж болох боломжууд байсаар атал зардал өндөртэй тоног төхөөрөмжийг давхардуулан авах, үүнийгээ албажуулахдаа төр засгийг бодит бус мэдээллээр хангах, агаарын тээвэрлэгчдийн нэрийг барьдаг явдал замбараагаа алдсан гэнэ. Аливаа хөрөнгө оруулалтын эрэмбэ, ач холбогдол, үр өгөөжийг авч үздэггүй амин хувиа бодсон удирдах ажилтан, мэргэжилтэн нэртэй бэртэгчин нөхдүүд ч олширчээ.
Ер нь бол нисэхийн салбар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлж, гүйцэтгэж ажилладаг. Манай иргэний нисэхийнхэн энэ үүргээ амжилттай биелүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Тиймдээ ч Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх өнгөрөлтийн нислэгийн тоо жилээс жилд өсч ирсэн. Ийм үед бодлого тодорхойлох тогоо руу нь мэргэжлийн биш хүн илгээж, салбарын ажлыг царцааж, дампууруулж болохгүй. Энд доголдол гарвал Монгол Улсын нэр хүнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын хэмжээнд яригдаж таарна. Шуудхан хэлэхэд агаараас зүгээр байж байгаад унаад ирдэг гэж ойлгоод байдаг хэдэн “ногоон” нь алга болохоос өгсүүлээд ар араасаа асуудал дагуулна.
Тэдний хэлсэнчлэн асуудлыг аль нэг дарга даамалд хамаатуулах бус, ерөөс мэргэжлийн байгууллагын дотоод дэг жаягыг эвдвэл Монгол Улс олон улсын байгууллагын өмнө эвгүй байдалд орно гэдгээ анхаараасай. Яагаад гэвэл манай улс 2018 онд ICAO-ийн аюулгүй ажиллагааны USOAP аудит шалгалтад дахин шалгуулах зэрэг чухал сорилтуудын өмнө тулгамдаж байгаа шүү дээ. 2013 онд Монгол Улс энэхүү шалгалтыг 85 хувийн амжилттай өгч, өнгөрөлтийн нислэгийн тоо өсч байсан бол өдгөө улс төрийн томилгоо даган салбарын үйл ажиллагаа доголдоод байвал 2018 онд өмнөх амжилтаа бататгаж чадахгүй, нислэгийн тоо ч буурна. Дээр нь эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Онгоцыг улстөрч биш нисэгч л жолооддог шиг энэ салбарт улс төрийн бус мэргэжлийн, бодлогын томилгоо хэрэгтэй байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин









