45-аас дээш насныхныг ажлаар хангаж байна

2015 оны 8 сарын 13

“Оёдолчин, эсгүүрчин, индүүчин ажилд авна” гэсэн зарыг нэг их хүн сонирхдоггүй аж. Ийм зар тавихад цөөхөн хүн л ажил олгогч руу утас цохижээ. Харин “Оёдлын салбарт ажиллаж байсан 45-аас дээш насны хүнийг ажилд авна” хэмээн зар тавихад өдөрт 100 гаруй хүн хандаж, “Нээрээ авах юм уу, үнэн юм уу” хэмээн итгэж ядан лавласан гэн.

“Monline” спорт хувцасны оёдлын жижиг үйлдвэр 2012 онд байгуулагдах үед энэхүү зарын дагуу ажилтнуудаа шалгаруулан авсан аж. Өдгөө тус үйлдвэрт 20 гаруй хүн ажиллаж байгаагийн 16 нь 45-аас дээш насныхан бөгөөд хамгийн ахмад нь 62 настай эсгүүрчин. Манай улсын хөдөлмөрийн зах зээл дэх насны ялгаварлалаас болоод 40-өөс дээш насныхныг ажилд авах сонирхол төдийлөн байдаггүйг дээрх жишээ гэрчилнэ. Тус компанийн захирал А.Чимэд- Очир өөрийн фэйсбүүк хуудастаа ажилчдаа 50-55 насны хүмүүсээр бүрдүүлдэг тухайгаа бичээд “Тэднийг хэн ч ажилд авахыг хүсдэггүй. Тэтгэврийн нас нь дөхөх хэрээр ажилд орох боломжоо хязгаарлуулдаг. Харин 45-55 насны хүмүүсийг ажилд авна гэж зар өгөхөд зуу зуугаараа залгаж байсан.

Гэвч би 20 хүн л авч чадсан даа” хэмээн бичсэн нь олон хүний анхаарал татав. Тэтгэвэрт гарна гэдэг нийгмээс тусгаарлагдана гэдэгтэй агаар нэг сонсогдох болсон энэ нийгэмд 40 нас дөнгөж шүргэсэн хүмүүс ахмадуудын эгнээнд шилжиж буй. Угтаа бол 50-иас дээш насныхан үнэнч шударга, махруу, ажилдаа сэтгэлтэй, ачаалал даах чадвартайг энэхүү хамт олон харуулж байна. Тэдний нэг сарын ажлын хөлс 700 мянгаас нэг сая төгрөг.

Тэдний нэг сарын ажлын хөлс 700 мянгаас нэг сая төгрөг

53 настай эсгүүрчин Б.Отгонбаяр 18 настайгаасаа л Сүлжмэлийн үйлдвэрээс ажлын гараагаа эхлүүлж, салбартаа 35 жилийн хүч хөдөлмөрөө зориулжээ. Энэ хугацаанд салбарынхаа бүхий л гавьяа шагналыг авахын зэрэгцээ XVIII Их Хурлын депутатаар сонгогдож байж. Зах зээлийн нийгэмд шилжиж, 1995 онд үйлдвэр нь хувьчлагдсанаас хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад зарын дагуу “Monline” компанид ажилд орсон байна. Тэрбээр “Өнөөгийн нийгэмд 40-өөс дээш настай хүмүүст ажил олддоггүй. Өндөр настай гэж хэлээд байгаа боловч бид бие сэтгэлээрээ залуу хүмүүс шүү дээ. Угтаа бол энэ насны хүмүүс жинхэнэ ажиллах хүч. Манай үйлдвэрт 45-аас дээш насныхан ажиллаж байна. Бид залуучуудаас дутахгүй хийж бүтээж, харин ч илүү чанартай гүйцэтгэж байгаа. Хүч чадал байвал хөдөлмөрлөх нь зүйтэй. Тиймээс тэтгэвэрт гараад ч гэсэн ажиллах бодолтой байна. Гэртээ зүгээр сууснаас улс нийгмийнхээ хөгжилд бага ч атугай нэмэр болно гэж боддог. Хэзээ бид хөдөлж чадахаа болино, тэр цагт зогсох байх” хэмээсэн юм.

Төв аймгийн нийтийн ахуй үйлчилгээнд ажиллаж байсан 53 настай оёдолчин Б.Чимгээ ийн ярьж байна. “Өндөр настай битгий хэл залуу хүмүүст ажил олдохгүй хэцүү байна. Хүний чаддаг юм гэдэг өөр байдаг. Тиймдээ ч залуустай зэрэгцэн ажиллаж, 800 мянган төгрөгийн цалин аваад явж болж байна. Ажил хийх шиг сайхан юм алга. Энэ байгууллагад ороод хоёр жил өнгөрлөө. Залуу ажиллах хүч ирвэл мэддэг чаддаг юмаа зааж өгнө” гэлээ.

Насаараа өглөө гарч, үдэш болтол ажил хөдөлмөр эрхэлж, хамт олон дунд бужигнаж сурсан хүн нэг л өдөр гэрээс гараад очих газаргүй, гомдлоо хэлээд ч хүлээж авах хүнгүй болно гэдэг ахмадуудын хувьд том цохилт болдог аж. Эмэгтэйчүүд ач зээгээ харж, цаг хугацааг завгүй өнгөрүүлэх сонголттой бол эрчүүдийн хувьд хийх ажил бүр ч олдохгүй, хэнд ч хэрэггүй болсон мэт санагддаг байна.

А.Чимид-Очир “Миний аав тэтгэвэрт гараад хоёр, гурван жил л гэртээ суусан. Уйдаж суусаар өвчин зовлон ээрч, бурхан болсон. Эндээс л нэг зүйл бодогдсон юм. Эртэй чадалтай хүмүүс эрт тэтгэвэрт гардаг. Тэтгэврийн нас нь болоогүй ч 45-55 насны хүмүүсийн дийлэнх нь хүссэн хүсээгүй ажилгүй болдог. Тиймээс энэ хүмүүст зориулсан ажлын байр бий болгохоор спорт хувцасны оёдлын үйлдвэрээ 2012 онд нээсэн. Социализмын үед оёдлын мундаг мэргэжилтнүүдийг Чех, Орос улсад бэлтгэж байсан. Тэр үед мэргэжил эзэмшсэн хүмүүс одоо нас дээр гарсан хэдий ч жинхэнэ мэргэшсэн ажиллах хүч гэдгийг анзаарсан. Одоогийн залуусыг сургана гэдэг хэцүү шүү дээ. Нөгөөтээгүүр энэ насны хүмүүс гэртээ дэмий суусаар нийгмийн даатгалаа төлж чадахгүй тэтгэвэрт гардаг. Ажилд орно гэхээр жижүүр, эсвэл үйлчлэгчээр ажиллах болдог. Боловсролтой хүмүүсийг тэгж ажиллуулах хайран” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24293
0 эможи
keyboard_arrow_up