Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10.5 хувиар буурчээ

Өнгөрсөн долдугаар сард бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 10.5, зургадугаар сараас 5.1 хувиар тус тус буурсан талаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний судалгаа, мэдээллийн төв мэдээллээ. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд эхний хагас жилийн байдлаар 66.8 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн нэмэгдсэнээс 23.8 мянга нь шинээр бүртгүүлж, 43 мянга нь мэдээллээ шинэчилсэн байна.
Мэдээллийн сангийн идэвхтэй төлөвөөс 72.7 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн хасагджээ. Үүний 12.5 мянгыг нь ажилд зуучилсан гэнэ. Харин 60.1 мянга нь идэвхгүйн улмаас хасагдсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг бүсээр нь авч үзвэл нийслэлд хамгийн олон, зүүн бүсэд хамгийн бага байлаа.
Энэ оны эхний хагас жилийн байдлаарх идэвхтэй байгаа бүртгэлтэй ажилгүй иргэнийг ажилгүйдлийн шалтгаанаар нь ангилж үзлээ. Эндээс үзэхэд, сургууль төгссөн, шилжин суурьшсан, орон тооны цомхтголд орсон гэх шалтгаан дийлэнхийг бүрдүүлжээ.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд өнгөрсөн долдугаар сард 37.1 мянган ажлын байрны захиалга иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.4 мянган ажлын байраар буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 45 хувиар буурчээ. Ажлын байрны захиалгаас харахад барилга, үйлчилгээний салбар тэргүүлж байна.









