Ардчилсан Солонгос улстай хамтарч ажиллах хүсэлтэй байна гэв

УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-ын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж өчигдөр Ардын Дээд Хурлын депутат, БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны гишүүн, Дээд боловсролын сайд, Ким Ир Сений их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага болон найрамдлын бүлгүүдийн хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг дурдаад БНАСАУ-ын АДХ дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Дээд боловсролын сайд Те Хён Чөл-ийн энэ удаагийн айлчлал хоёр орны парламент, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Тэрээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок-ын 2012 онд Монгол Улсад хийсэн айлчлал, 2013 онд Улаанбаатар хотноо болсон Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, мөн 2014 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Солонгосын найрамдлын бүлгийн даргын түвшинд БНАСАУ-д хийсэн айлчлалууд ач холбогдолтой болсныг онцолсон юм.
Мөн тэрбээр цаашид хоёр орны парламент дахь найрамдлын бүлгийн дарга болон гишүүдийн солилцоог тогтмолжуулах, түүнчлэн УИХ-ын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналтай байгааг хэллээ.









