Жолоочгүй өнхөрч явсан машиныг цагдаа урдаас нь албаны машинаараа мөргөж зогсоожээ

Жолоочгүйгээр уруу газар, хүүхдүүдийг чиглэн өнхөрч явсан автомашиныг цагдаагийн албан хаагч албаны машинтайгаа амжиж урдаас нь мөргөн зогсоож, хүүхдүүдийн амийг аварсан талаарх мэдээлэл өнөөдөр өглөө сошиал сувгаар тарсан юм. Бид яг юу болсон талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин өчигдөр орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо долоон буудлын замаас Чингэлтэй салдаг уулзвар замд албаны Kia rio маркийн авто машинаа жолоодон явж байх үед нь ММС Canter маркийн авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь албаны авто машинаараа хааж зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чадсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар цааш өнхөрч байх замд нь хүүхдүүд явж байжээ. Хэрэв цагдаагийн албан хаагч амжиж тухайн автомашиныг зогсоогоогүй бол хэрхэх байсныг төсөөлөхөд бэрх. Тиймээс амь насаа үл хайхран үүргээ биелүүлсэн цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинд баярласанаа илэрхийлье.









