Дотоодын 13 үйлдвэр хоёр хөрш рүү мах, махан бүтээгдэхүүн экспортлох бэлтгэлээ хангаж эхэллээ

2015 оны 8 сарын 03

Энэ онд дотоодын долоон үйлдвэр ОХУ руу, зургаан үйлдвэр БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхээ авч, бэлтгэлээ хангаж эхлээд байгаа. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд өнгөрөгч амралтын өдрүүдээр мах, махан бүтээгдэхүүний зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тухайлбал, энэ салбарт 2004 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Мах Маркет” компани олон улсын хоёр ч стандартыг хангаж, гэрчилгээ авснаар гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах нөхцөл бүрдээд байгаа. Мөн БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох шалгалтад тэнцэн эрхээ авч, энэ намраас эхний ээлжид 6000 тонн махан бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөж байгаа гэж мэдээллээ.

Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг ашиглаж байгаа. Шаардлагатай санхүүгийн дэмжлэг авсан нөхцөлд экспортын бүтээгдэхүүнийхээ хэмжээг 12.000 тонн болгож нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Одоогоор дотоодын компаниуд БНХАУ-д адууны махан бууз, банш экспортод гаргахад бэлэн болоод байгаа. Харин зарим нутагт шүлхий гарсантай холбоотойгоор хонь, үхрийн махан бүтээгдэхүүнийг зөвхөн дулааны аргаар л боловсруулж экспортлох бололцоо байгааг салбарын сайд нь онцолж байна. Мөн үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөгүй байгаа зэрэг бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.

Үүнээс гадна УИХ-ын дарга энэ дөрөвдүгээр сараас ОХУ-д бүтээгдэхүүнээ экспортолж эхлээд байгаа “Само Мах” лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Үйлдвэрлэлийг дэмжих 888 төслийн жагсаалтын эхний 10-т бичигдсэн уг төсөлд Засгийн газраас одоогоор санхүүжилт нь орж ирээгүй байгаа ч өөрийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Нийтдээ 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа уг үйлдвэр одоогоор хоногт 25 мянган ширхэг лаазалсан мах үйлдвэрлэж байгаа. Санхүүжилт шийдэгдэж төсөл бүрэн хэрэгжсэнээр үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлж, 40 сая ам.долларын борлуулалт хийх боломжтой гэж үйлдвэрийн удирдлагууд үзэж байна.

Энэ жил өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул Засгийн газар олон жилийн дунджаас бараг хоёр дахин их хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр санаачилга гарган ажиллаж эхэлсэн. Нийт мал сүргийн тоо толгой 60 саяд дөхсөн энэ үед өмнөх туршлагаасаа суралцаж, малчид цаг үеийн бэрхшээлийг хохирол багатайгаар давах боломж байгаа гэж УИХ-ын дарга үзэж байна. Түүний хувьд махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь энэ жил мах бэлтгэл нэмэгдлээ гэхэд махны үйлдвэрүүдэд тулгарч болзошгүй асуудал бэрхшээлийг судлах зорилготой гэж хэлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24053
0 эможи
keyboard_arrow_up