Рейлбус алдагдалтай ажиллаж байгаа гэлээ

Өнгөрсөн жилээс эхлэн Амгалан-Толгойтын чиглэлд төмөр замын автобус буюу рейлбусыг явуулж эхэлсэн. Гэвч зорчигч байхгүй гэх шалтгаанаар чиглэлийг зогсоож, Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулж эхэлсэн юм. Тэгвэл энэхүү рейлбус нь алдагдалтай ажиллаж байгаа талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар мэдэгджээ. Тэрбээр алдагдлаа бууруулах хамгийн зөв алхам нь Амгалан-Толгойт-Налайх чиглэлд нэмэлтээр тээвэрлэлт хийж, зорчигчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон байна. Хэдийгээр рейлбусыг нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд явуулна гэсэн зорилготой байсан ч ийнхүү алдагдалтай ажиллаж эхэлсэн аж.
Өнгөрсөн оны тавдугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж, хотын нийтийн тээвэрт явуулж байв.









