Амгалан дулааны станц нээлтээ хийлээ

2015 оны 7 сарын 22

Монголд анх удаа цахилгаан болон дулааны эрчим хүчийг тусгаарласан Амгалан дулааны станц өнөөдөр нээлтээ хийж байна. Амгалан дулааны станц нь сүүлийн 30 гаруй жилд Монголын эрчим хүчний системд шинээр холбогдсон хамгийн том хүчин чадалтай станц, Салхитын салхин паркаас хойш ашиглалтад орж буй  эрчим хүчний салбар дахь анхны бүтээн байгуулалт болж байна.

Өнөөдөр нээлтээ хийж, энэ оны 10-р сарын 15-нд буюу өвлийн ид ачааллаас өмнө бүрэн ашиглалтад орно. 348 мвт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станц ашиглалтад орсноор, Улаанбаатар хотын төвийн болон зүүн хэсгийн хорооллуудыг дулаанаар хангах юм байна. Нийт 20 мянган айл өрх, 250 орон сууцны дулаан хангамжийн нөхцөл сайжрах бол 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанаар хангагдах боломж бүрдэх юм.

Амгалан дулааны станцыг 75.9 сая ам.долларын санхүүжилтээр БНХАУ-ын “China Machine Engineering Corporation” буюу “CMEC” компани "түлхүүр гардуулах" нөхцөлтэйгөөр байгуулсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч компани нь урьдчилан гүйцэтгэж, ашиглалтад орсны дараа Хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгөөр эргэн санхүүжих нөхцөлөөр гүйцэтгэж байна. Хөгжлийн банк нийт санхүүжилтээс 45.5 сая ам.долларын санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, төлбөрийн баталгааны дүнг энэ хэмжээгээр бууруулжээ.

Амгалан дулааны станц нь дотоодын эрчим хүчний системийн дутагдлыг нөхөхөд чухал нөлөөтэй гэж үзэн, өнгөрсөн онд барилга угсралтад шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм.

Амгалан дулааны станц нь тус бүр 116 мвт-ын хүчин чадалтай 3 зуухтай байхаас одоогийн байдлаар, зуухнуудын барилгын гүйцэтгэл 90-98 хувьтай байна. Харин үндсэн барилга угсралтын ажил 94 хувьтай байгаа юм. 2020 он хүртэлх хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын дулааны хэрэглээ 1,000 гаруй гига-калор, цахилгааны хэрэглээ 700 гаруй мегаваттаар өсөх тооцоо гарсныг Эрчим хүчний яам өмнө нь танилцуулж байсан. Өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахад Амгалан дулааны станц болон цаашид хэрэгжих бусад төслүүд чухал нөлөөтэй байхаар байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23843
0 эможи
keyboard_arrow_up