“Монгол цэргийн жавхаа” уралдааны хүрээнд цэргийн ангиуд алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлжээ
Нийслэлийн Засаг даргын А/63 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. 2014 оны 2-р сараас эхэлсэн уг уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээний 30 анги, байгууллага оролцжээ.
Энэ жилийн хувьд цэргийн анги, байгууллагыг жагсаалын үзүүлбэрээс гадна тухайн ангийн тохижилт, албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд албан хаах нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгожээ. Дээрх үзүүлэлтээр нэг, хоёрдугаар шатнаас Зэвсэгт хүчний 017, 150, 032, 311, 120, 353, Хилийн цэргийн 0151, 0164-р анги төгсгөлийн шалгаруулалтад оролцохоор шалгарлаа.
Эдгээр цэргийн анги, байгууллага нь ангийнхаа гадна, доторх тохижилт, ногоон байгууламжад онцгой анхаарч, өнгөрсөн жилээс илүү дэвшилттэй ажилласан гэдгийг шалгаруулалтын ажлын хэсэг онцолж байна. Тухайлбал ангийн ногоон байгууламжийг сэргээж, мод бүрийг паспортжуулан эзэнтэй болгож, албан хаагчид амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, танхимыг ая тухтай байхаар тохижуулан, анги бүр усан оргилууртай болжээ. Мөн цэргийн ангидаа хяналтын нэгдсэн камерын системийг суурилуулсан гээд эрүү, аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Уг уралдааны хүрээнд нийт цэргийн анги, байгууллагууд 657,1 сая төгрөгийн тохижилтын ажил хийсэн гэдгийг “Монгол цэргийн жавхаа” уралдааны зохион байгуулагчид онцолж байна.
Харин бямба гарагт болох төгсгөлийн шалгаруулалтад эдгээр цэргийн анги, байгууллагууд жагсаалын үзүүлэх тоглолт хийж өрсөлдөх бөгөөд тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан анги, байгууллагын захирагч, даргыг орон сууц, үлээвэр хөгжмийн зэмсэгийн иж бүрдэл, тусгай байранд шалгарсан нэг ангийг 4 сая төгрөг, үлээвэр хөгжмийн зэмсэгийн иж бүрдлээр шагнана.