Гариг андуурдаг АТГ-ын болхи ажиллагаа
Олон жилийн дунджаас хэт халаад зарим хүн ажил, амралтын өдрөө ч ялгахаа байсан цаг иржээ. Зарим хүн ч биш зарим байгууллага бүхэлдээ амралтын өдөр бүгд ажилдаа ирчихсэн байна гэлцэнэ. Ийм халуурал цаг агаартай биш улс төртэй шууд холбоотой.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг “Өдрийн сонин”-ы №168 (5120) дугаарт өгсөн ярилцлагадаа “Энэ түдгэлзүүлсэн хэргийг долдугаар сарын 04-ний өдрөөс сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн хийж шалгаж эхэлсэн” гэжээ.
Энэ нь МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэрэг гээд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг дурджээ.
Долдугаар сарын 04 нь бямба гариг бөгөөд энэ нь бүх нийтийн амралтын өдөр гэж хуульчлагдсан. Ажлын өдөр буюу даваагаас баасан гаригт хаалга нь “хаалттай” өнждөг Авлигатай тэмцэх газар яагаад бямба гаригт ажиллаж хэрэг шалгах болов. Энэ бол улс төрийн халуурал бөгөөд зөвхөн нэг хүнд хэрэг үүсгэхийн төлөө ажиллаж буйг олон хүн ярьж байна.
Солонгост эмчлүүлж буй МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг наадмын өмнө эх орондоо ирэх сургаар цацсан ээлжит мэдээлэл юм. Үүнээс илүүтэй гариг андуурдаг АТГ-ынхны болхи ажиллагааг хяналтын прокурор Ш.Баярбилэг дэлгэсэн нь анхаарал татмаар мэдээ юм.









