ХХАА-н Дэд Сайд Б.Батзориг харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна

ХХАА-н Дэд Сайд Б.Батзоригийн урилгаар БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чин Хуа манай улсад айчлал хийхээр хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан Дэд сайдын түвшний ажлын хэсгийн гуравдугаар уулзалт долдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах аж.
Уг уулзалт "Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагаа" сэдвийн дор болох юм. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсаас БНХАУ-д хагас боловсруулсан адууны махан бүтээгдэхүүн (адууны махан бууз, банш) экспортлох тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Адууны ясны гурил экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээрийн тухай Протокол зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Дэд сайдын түвшний ажлын хэсэг нь хоёр жил тутамд хуралддаг ба Монголын талыг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Хятадын талыг Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд ахалдаг.









