Гадаад паспортыг хот дотор 24 цагийн дотор хүргэж өгнө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх зорилгоор “Монгол шуудан” компанитай хамтран Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний өөрийн хүсэлтээр гэр, албан байгууллагад нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ. Гадаад паспорт шинээр захиалсан, сунгуулсан иргэн та УБЕГ-т буцаж очих шаардлагагүйгээр, 24 цагийн турш 1800-1613, 70078989 дугаарт холбогдон өөрийн байрандаа шуудангаар хүргүүлэх боломжтой юм байна.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хувьд 3500 төгрөг төлөөд, захиалсан паспортоо ачааллаас шалтгаалан 24 цагийн дотор хүлээн авах боломжтой. Харин Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгийн иргэд 5000 төгрөг төлөөд 48 цагийн дотор пасспортоо авна. Бусад аймагт паспорт хүргэх үйлчилгээ 72 цагийн хугацаанд таны өгсөн хаягаар хүрч үйлчлэх юм байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг "Монгол шуудан"-гийн үйлчилгээгээр дамжуулан иргэний хүсэлтийн дагуу хаягаар нь хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.









