Нийслэлийн иргэд лавлагаа, мэдээллийн номтой боллоо
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын дүрэм”-ийг боловсруулж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж нийслэлийн ИТХ-аар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлын хүрээнд нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотод амьдарч байгаа болон орон нутгаас шилжин ирсэн иргэдэд зориулж нийслэлийн иргэний лавлах "Улаанбаатарын ном"-ыг бэлтгэн гаргалаа.
Энэхүү номонд нийслэлийн иргэн та нийгмийн халамж,үйлчилгээнд хэрхэн хамрагдах, бүх төрлийн бүртгэлийг хаана, хэрхэн хийлгэх, нийтийн тээврийн маршрут, микроавтобус, таксины үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой газрууд, орон сууцны ханш зэрэг иргэдэд хэрэгцээтэй бүхий л мэдээллийг энгийн байдлаар багтаажээ.
Улаанбаатарын номыг жил бүр шинэчлэн гаргах бөгөөд нийслэлд шинээр суурьшиж буй иргэдэд шаардлагатай мэдээллийг нэг дороос өгч, хотын соёлд суралцах хялбаршуулсан зөвлөмж болох юм. Тус номыг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраар дамжуулан хорооны бүртгэлийн ажилтан иргэдэд олгож байна.