Энэ онд 3000 гаруй залуусыг цагийн ажилд зуучилжээ

Оюутан залуусын зуны амралт эхэлж цагийн ажил хийх хүсэлтэй ажил хайгчдын тоо хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Цагийн ажил” төслийг 2013 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа.
Тэгвэл 2015 оны эхний хагас жилийн байдлаар 3000 гаруй залуусыг цагийн ажлын байранд зуучлан ажиллуулсан байна. Эдгээр залуусыг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулагддаг “Парт тайм” сургалтад хамруулсан байна.
Одоогоор “Цагийн ажил” төслийн хүрээнд ажил олгогч байгууллагуудын өгсөн захиалгын дагуу 1000 орчим залуус хэрэгцээтэй байгаа бөгөөд өнөөдөр "Цагийн ажил" төсөлд оролцогч оюутан залууст танилцуулга сургалт зохион байгуулжээ.
Энэхүү сургалтад 400 гаруй оюутан залуус оролцсоноос 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй байна. Тус сургалтад цагийн ажил олгогч байгууллагуудын төлөөллүүд болон Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэй, Залуучуудын Хөгжлийн Полиси төвийн захирал Э.Эрдэнэгэрэл нар залуучуудад төслийн талаар мэдээлэл хүргэж, хөдөлмөр эрхлэхэд тулгардаг асуудал, манлайлал хөгжлийн талаар нээлттэй ярилцсан байна.
Дашрамд дурьдахад, зуны амралтаа "Цагийн ажил" хийж үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй залуусыг Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж урьж байгаа аж.









