Бензин авахад зарцуулж байгаа зардал 38 орчим хувиар багасчээ

Монгол Улс хэрэглээнийхээ шатахууны 90 гаруй хувийг ОХУ-аас импортолж байна. Олон улсын зах зээлд газрын тосны ханш унасан нь экспортын орлогод сөргөөр нөлөөлж байгаа ч импортод эерэг үр дагавартай байжээ.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр оны эхний таван сард Монгол Улс нийт 416 мянган тонн автобензин, дизель түлш болон онгоцны түлшийг 256 сая ам.доллараар худалдан авсан байна. Хэдийгээр импортын биет хэмжээ дөрөв орчим хувиар өссөн ч бензин авахад зарцуулж байгаа зардал 38 орчим хувиар багасчээ.
Газрын тосны экспортын хувьд биет хэмжээ 20 гаруй хувиар өссөн бол орлогын хэмжээ мөн 38 хувиар буурсан байна. Өнгөрсөн онд дотоодын зах зээлийн 75-80 хувийг бүрдүүлдэг “Петровис”, “Магнай Трейд” болон “Шунхлай” гэсэн гурван компани Сингапурын биржийн үнээр, жилд нэг сая тонн шатахууныг авах гэрээг “Роснефть” компанитай таван жилийн хугацаатай байгуулжээ.
Гэрээний дүнд 2013 онд шатахууны импортын 75 хувийг бүрдүүлж байсан ОХУ-ын нийлүүлэлт өнгөрсөн онд 90 хувьд хүрч өссөн байна. Өнгөрсөн онд ОХУ-ын нийлүүлэлт биет хэмжээгээр нэмэгдээгүй боловч бусад нийлүүлэгчдийн нийлүүлэлт буурсан нь улсын хэмжээнд шатахууны импорт буурахад нөлөөлсөн байна.
Харин импорт буурахад уул уурхайн үйл ажиллагаа саарч, дизель түлшний хэрэглээ буурснаар тайлбарлагдаж байгаа ажээ.









