Цагдаагийн цахим өргөдөл, гомдлын нэгдсэн программ нэвтэрлээ

Та цагдаад хандаж байсан уу? Хандаж байсан бол ямар хэлбэрээр цагдаад дуудлага өгдөг вэ? Ингэж асуувал та гайхах байх. Юу гэсэн үг вэ, утсаар л дуудлага өгнө шүү дээ л гэнэ. Харин цагдаад хандаж байсан заримынх нь хувьд өгсөн дуудлаганыхаа хойноос байн, байн утасдаад явах нь төвөгтэй л байдаг байх. Тэгвэл энэ бэрхшээлийг арилгахын тулд Улаанбаатар хотын цагдаагийн газраас нэгэн шинэ ажлыг эхлүүлжээ. Тэр нь юу вэ гэвэл цагдаад өгсөн дуудлага, мэдээллээ цахим хэлбэрээр хянах боломж юм. Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ тухай өнөөдөр мэдээлж, цахим өргөдөл, гомдлын нэгдсэн программыг энэ зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн туршин нэвтрүүлж эхэлжээ.
Хэрэв та гэмт хэрэг, захиргааны зөрчлийн дуудлага, мэдээллийг цагдаад өгсөн бол таны хандалтын тань дагуу очсон цагдаагийн алба хаагчийн зүгээс таньд хяналтын хуудас гээчийг хүлээлгэн өгөх юм байна. Уг хяналтын хуудсан дээр албан тушаал, цол, овог нэр, гарын үсэг, бүртгэлийн дугаар бичиж өгөх аж. Үүгээр ч зогсохгүй гар утас руу тань таны дуудлага өгсөн бүртгэлийн дугаар, хүлээн авсан хэлтэс, холбоо барих дугаарыг мессежээр илгээнэ. Хэн гэдэг албан тушаалтан таны хандалтыг хүлээн авсан, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг тус байгууллагын цахим хуудаснаас авах юм байна.
Энгийнээр бол дуудлага өгсөн тухай мэдээллээ мессэж хэлбэрээр аваад, хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг цахим хуудсаар авах аж.
Ямартаа ч цагдаагийнхан үйл ажиллагаагаа нээлттэй ил тод, шуурхай хүргэх талаар ийнхүү дорвитой ажил эхлүүлж байгаа бололтой.









