Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.06.08-2015.06.11/
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр: Ер нь нийслэлд хуримтлагдсан асуудал 1-2 сонгуулийн хугацаанд шийдэхэд бэрх болтлоо хуримтлагдсан. Цэвэрлэх байгууламж бараг гар хүрээгүй. 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Японы “Жайка” ТЭЗҮ-ийг нь хийчихсэн. Эдийн засгийн яам татан буугдаад дахиад шинээр эхэлж байна. Яам нь татан буугдачихаар мэргэжилтнүүд нь хүртэл өөрчлөгдсөн. Дахиад шинэ хүмүүс өмнө нь хийж байсан ажилтай нь танилцах гээд хугацаа их орох болоод байна. Тиймээс одоо л засахгүй бол өвөл зогсвол одоогийнхоос арав дахин их хөрөнгө гаргах болчихоод байна. Нийслэлийн мэдлээс хэтэрсэн их хөрөнгө шаардлагатай.
/Өдрийн сонин 2015.06.09 №143/
Эдийн засгийн ухааны доктор Б.Баттөмөр:
Энэ удаагийн хямрал бусад оронд болоогүй, зөвхөн Монголд болж байгаагаар онцлог. Монголын эдийн засаг ангалын ирмэг дээр дэнжигнэж байгааг эдийн засгийн үзүүлэлтүүд хэлж байна. Энэ оны эхний дөрвөн сард төсөв 244,8 тэрбум төгрөгийн алдагдалтай, гадаады хөрөнгө оруулалт 2014 оныг 2011 онтой харьцуулахад 8,5 дахин буурч, гадаад өр, төрийн гаргасан баталгаа, хувийн хэвшлийг оролцуулаад тооцвол 20,7 тэрбум ам.доллор болж, ойрын жилүүдэд төл гэж хаалга тогшиж эхэллээ. Засгийн газрын бондын дотоод өр 3.1 их наяд хүрч, эргэлдэж байгаа мөнгөний гуравны нэг болж өслөө. Гадаад өрийн хүү болон үндсэн өрийг төлөхөд хоёр жилийн дараагаас 3-4 тэрбум доллар төлөх шаардлагатай.
...“хүчтэй, мэдлэг чадвартай гар нийлсэн баг” хямралаас гаргаж чадна
/Өдрийн сонин 2015.06.08 №141,142/
Монголын ипотекийн корпорацын гүйцэтгэх захирал Д.Гантөгс:
Өнгөрсөн хугацаанд 1.6 их наяд төгрөгийн бонд гаргасан. Энэ нь ойролцоогоор 31 мянган өрхийн орон сууцны зээлийг багцалсан гэсэн үг. Энэ удаагийн бондын төлбөр хийж дуусах хугацаа нь 20 жил. Энэ үнэт цаасны багцад орсон зээлийн 80-90 хувь нь 17-18 жилийн хугацаанд төлөгдөнө. Энгийн бондын жилийн хүү 10.5, давуу эрхийн бондынх 4.5 хувь гэж тогтсон.
/Өнөөдөр 2015.06.11 №136/
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Транскапитал” ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул:
“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуульд зааснаар зээл, итгэлцэл, факторинг, төлбөрийн баталгаа, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх гээд 10 төрлийн санхүүгийн үйл ажиллагааг СЗХ-ны зөвшөөрлөөр явуулдаг.
Нийт зээлдэгч 2014 оны эцэст 60 мянга гаруй байсан гэж үзэхээр тэдгээр зээлдэгчдийн ар гэрт дунджаар 80 мянга гаруй хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчин сайжирч, 200 мянга гаруй өрхийн гишүүдийн орлогын түвшинг өсгөсөн, 330 гаруй мянган ажлын байр бий болгосон гэж харвал маш чухал үзүүлэлт юм.
ББСБ-ын зээл, валютын арилжааны үйл ажиллагаанаас бусад үйлчилгээнүүд ч мөн адил санхүүгийн салбарт хөрөнгийг зохистой удирдах, эдийн засгийн эргэлтэнд оруулахад чухал үүрэг гүйцэтгэдэгч манай зах зээлд бодит утгаараа хөгжих боломж нь дутмаг байна.
/Өдрийн сонин 2015.06.09 №143/









