Хориотой хугацаанд загасчлах нь хууль зөрчсөн үйлдэл

Өнгөрсөн амралтын өдөр буюу Ням гаригт Туул голд загасчилж буй хүмүүсийн зураг, мэдээлэл Facebook-ээр тараагдаж, ихэнхи нь эдгээр хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэн санал бодлоо хуваалцсан билээ. Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг онцлогтой. Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлнө. Зэвэг барьсан тохиолдолд 1 ширхэг тутамд 34000 төгрөгийн, Сибирь, Хадран баривал 1ширхэг тутамд 8000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль хүлээдэг. Хууль зөрчсөн хүмүүст хяналт тавьж, хууль сахиулах үүргийг мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага хүлээдэг. Ням гаригт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс газар дээр нь очиж загасчлагчдад үйлдлээ зогсоох шаардлага тавьсан байна. Түүнчлэн БОНХЯ-наас Мэргэжлийн хяналтын газарт албан тоот илгээж, загасны үржлийн цагаар Туул гол хавиар загасчилж буй хүмүүст хяналт тавьж ажиллахыг санууллаа гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.









