Сайн дурын даатгалд даатгуулах шаардлагагүй

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно” гэж хуульчилсан.
Иймээс тус ажил олгогч нь хуулийн дээрх заалтыг баримтлан үйл ажиллагаа зогсоосноос хойших ажиллагсдын ажиллаагүй 3-4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу одоо мөрдөгдөж байгаа 192000 төгрөгөөс ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээ(11.0,12.0,13.0%)-гээр тооцож даатгалын зохих санд сар бүр төлж, тайлагнах ёстой.
Улирлын чанартай ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллага нь үйл ажиллагаа зогссоноос хойшхи хугацаанд төлсөн шимтгэлийн тооцоог НД№7,8 маягтаар гаргаж ирүүлснийг харилцагч нийгмийн даатгалын хэлтэс нь мэдээллийн санд ажил олгогч буюу даатгуулагчийн овог нэр, регистрийн дугаараар нь оруулан бүртгэж баталгаажуулна.
Энэ тохиолдолд нэгэнт тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч нь хариуцан хуулийн дээрх заалтын дагуу санд тасралтгүй төлөх үүрэгтэй учраас сайн дурын даатгалд давхар даатгуулах шаардлагагүй юм.
Харин аж ахуйн нэгж байгууллага нь тухайн ажилтны үндсэн цалингийн 60 хувиас доошгүй хэмжээгээр сул зогсолтын олговор олгож болно. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчаас 10%-ийг суутгаж тооцож ажил олгогч төлөх хувиар төлнө. /21,0%, 22,0%, 23,0%/
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох “Мэдээллийн лавлах 19001199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.









