“ХАБЭА сарын аяны туг аялуулах”,” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт ажил мэргэжлийн тэмцээн зохион байгуулж байна
Хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн тухай хууль , Монгол улсын Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний дөрөв дэх хөтөлбөр”болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, байгууллагуудад гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ижил төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд хоорондоо харилцан туршлага солилцох, тэдний хууль эрх зүйн болон ажил төрлийн мэдлэгийг дээшлүүлэхэд энэхүү ажлын зорилго орших юм. Хан-Уул дүүргээс зохион байгуулж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдэвт ажил мэргэжлийн тэмцээн өнөөдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдаж байна. ХАБЭА САРЫН АЯНЫ ТУГ үйл ажиллагаа нь 2014 оны 04 сарын 15-аас эхлэн 2014 оны 12 сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. Тус тэмцээнд оролцогч байгууллагууд нь удирдах, техникийн болон гүйцэтгэх ажилтнуудын төлөөлөл бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцох бөгөөд тэмцээний шагналын санг дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс хариуцаж байна. Багууд байгууллагын онцлог, үйл ажиллагааны чиглэлийг илтгэсэн нэртэй, ижил хувцсаар жигдэрч оролцож байгаа юм.
Тэмцээний хөтөлбөр:
-Багийн мэндчилгээ
-Асуулт хариултын тэмцээн
-Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлье сэдэвт гэрийн даалгавар
-Асуулт хариултын АХА тэмцээн
-Багуудын урлагийн номер
-Багуудын тайланг хэлэлцэх, оноо өгөх
Тэмцээнд амжилттай оролцсон багийг шалгаруулж байр эзлүүлэн өргөмжлөл,мөнгөн шагналаар шагнахаас гадна дүүргийн хэмжээний өдөрлөг уулзалтын үеэр амжилтын тухай олон нийтэд сурталчилах аж.