Эрчим хүчний шимэгч хорхой

Хэрэглэгчдэд эрчим хүчний үйлдвэрлэлт, үнэ цэнэ, үр ашгийн талаарх ойлголтыг энгийн байдлаар хүргэх, хэрэглэгчдийн дунд эрчим хүчний зүй зохистой хэрэглээг бий болгох зорилгоор ЭХЗХ -ны нийт албан хаагчдын дунд зохион байгуулсан нийтлэлийн уралдаанд ирүүлсэн Захиргаа Удирдлагын Албаны мэргэжилтэн Ш.Цэнд-Аюушийн нийтлэлийг хүргэж байна.
Та эрчим хүчгүй гурван хоног байж чадах уу? Магадгүй та хөдөө амьдардаг бол чадах байх. Харин төв суурин, хотод амьдардаг бол чадахгүй болов уу. Учир нь орчин үед бид бүхэн өдөр бүр, алхам тутамдаа эрчим хүчийг хэрэглэх болсон. Бараг эрчим хүчийг хоёрдогч чандмань эрдэнэ гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл айл болгонд байдаг хөргөгч, телевизор, угаалгын машин, гар утас гээд энэ бүхэн эрчим хүчээр ажилладаг шүү дээ.
Ихэнх хүмүүс эрчим хүчийг чухал хэрэгтэй гэдэг боловч мэдлэг мэдээлэл дутмагаас үүдэн хэрхэн бүтдэг, яаж хэмнэж үр ашигтайгаар хэрэглэж болох талаар мэддэггүй. Харин ч эсрэгээрээ үрэлгэн хэрэглэж эрчим хүчний шимэгч хорхойнуудыг бий болгодог. Шимэгч хорхой гэхээр танд биет амьтан бодогдож байгаа байх. Энэхүү шимэгч хорхой нь биет амьтан бус хүмүүс бидний үрэлгэн хэрэглээнээс үүссэн эрчим хүчний шимэгч төхөөрөмжүүд юм. Энгийн жишээ дурдахад бид гар утсаа цэнэглээгүй мөртлөө цэнэглэгчээ тогонд залгаатай орхичихдог. Энэхүү цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр байдаг байна. Дан ганц гар утасны цэнэглэгч бус орцны гэрэл, бүрэн унтраагүй телевизор, компьютер болон хэрэглээгүй боловч тогонд залгаатай орхисон төхөөрөмжүүд нь эрчим хүчний шимэгч хорхойнууд юм.
Бяцхан тооцоолол хийе. Гар утасны цэнэглэгч тогонд сул залгаатай байхдаа 0.5 watt цахилгаан эрчим хүч зарцуулдаг ба цагт 0.05 төгрөг, өдөрт 1.2 төгрөг, сард 36.50 төгрөг, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг байна. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч дуслыг хураавал далай гэгчээр олон цэнэглэгч нийлээд их хэмжээний зардлыг үүсгэдэг. Тухайлбал Улаанбаатар хотын хүрээнд 320,000 айл өрх байдаг ба айл болгон гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон гэж тооцоход жилд 140,176,000 төгрөгийн эрчим хүчийг дэмийг алддаг байна. Энэхүү гар утасны цэнэглэгч нь хамгийн жижиг шимэгч хорхой бөгөөд үүнээс илүү тогонд залгаатай орхисон төхөөрөмжүүд илүү их эрчим хүчийг шимж байдаг. Бас нэг жишээ татахад та ажлын өдрүүдэд цайндаа гарахдаа компьютероо бүрэн унтраалгүй асаалттай орхидог уу. Энэ нь дунджаар 20 watt цахилгаан эрчим хүч зарцуулдаг ба цайны нэг цагийн хугацаанд өдөрт 2 төгрөг, сард 60.84 төгрөг, жилд 730.08 төгрөгийн зардал бий болдог байна. Улаанбаатар хотын хэмжээнд 27,000 аж ахуй нэгж байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ба байгууллага болгон 20 компьютертой гэж үзвэл өдөр болгон нэг цагийн дэмий хэрэглээнээс үүдэн аж ахуй нэгж байгууллагууд жилд 394,243,200 төгрөгийн зардал үүсдэг байна. Зөвхөн аж ахуй нэгж байгууллага гэлтгүй айл өрх үүнээс дутахгүй эрчим хүчний шимэгч хорхойнуудыг тэжээж байдаг. Ихэнх айл өрх гэртээ кофе чанагч, ус буцалгагч, телевизор, угаалгын машин, интернетийн модем, утасны цэнэглэгч, хөгжим тоглуулагч болон гэрэлтэй олон залгуур зэргийг бүрэн унтраалгүйгээр орхидог ба эдгээр нь хэрэглэгдээгүй үедээ эрчим хүчнийг хороосоор байдаг. Үүнээс харахад айл өрхийн цахилгаан эрчим хүчний 10-20%-ийг шимэгч хорхойнууд шимж дэмий зардлыг үүсгэдэг байна.
Эрчим хүчний дайсан болсон эдгээр шимэгч хорхойнуудыг багасгах маш олон арга байдаг ба хамгийн энгийн нь хэрэглээгүй цахилгаан хэрэгслүүдийг тогноос салгах юм. Мэдээж цахилгаан хэрэгслүүдийг нэг бүрчлэн салгаж нийлүүлэх нь төвөгтэй. Тиймээс асааж унтраах товчлууртай олон залгуур ашиглах нь үр дүнтэй байдаг. Ийнхүү айл өрхийн шимэгч хорхойнуудтай тэмцсэнээр цахилгаан эрчим хүчний зардал 10-20%-иар буурах боломжтой. Статистик мэдээллээс харахад дунджаар нэг айлын ам бүл 4 байдаг ба сард 150-200 кВт.ц цахилгаан эрчим хүч ашигладаг. Сарын төлбөр нь дунджаар 20,000 төгрөг гардаг байна. Энэхүү эрчим хүчний зардлын 20% буюу 4,000 төгрөгийг шимэгч хорхойнууд эзэлдэг ба Улаанбаатар хотын 320,000 айл өрх 1,280,000,000 төгрөгийн үрэлгэн зардлыг 1 сарын хугацаанд үүсгэдэг байна. Жилээр бодож үзэхэд аймшигтай их тоо юм. Энэ их мөнгөөр 100 ортой 10 ширхэг хүүхдийн цэцэрлэг барих боломжтой.
Дараагийн нэг шимэгч нь асаалттай гэрэл юм. Орон сууцны байр болгон орой үдийн цагаар орцондоо гэрэл асаасан байдаг ба хүн явсан яваагүй гэрэл асаалттай байдаг. Энэ нь яг оройн эрчим хүчний оргил ачааллын үеэр таардаг байна. 60 watt-ийн 1 ламп өдөрт 10 цаг ажиллуулахад сард 1825.20 төгрөг, жилд 21902.40 төгрөгийн зардал гарна. Орон сууцны орц болгон хамгийн багадаа энэхүү зардлыг гаргана гэж үзвэл 20,000 орон сууц жилд 438,048,000 төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардлыг үүсгэнэ. Энэхүү зардлыг багасгах арга бий. Тухай орцны гэрэлд хөдөлгөөн мэдрэгч байршуулснаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл хүн зөвхөн явах үед орцны гэрэл асна гэсэн үг юм.
Шимэгч хорхойтой тэмцэхээс өөр эрчим хүчийг хэмнэх маш олон арга байдаг. Жишээ нь эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгсэл ашиглах юм. Ихэнх хүмүүс электрон бараа худалдан авахдаа эрчим хүчний зарцуулалтыг харалгүй үнэ болон гадаад үзэмжийг хардаг. Энэ нь буруу юм. Сүүлийн үед электрон бараанууд дээр цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг A, B, C, D, E үсгээр тэмдэглэсэн байдаг. А үсгээр тэмдэглэсэн нь хамгийн бага цахилгаан эрчим хүчийг зарцуулдаг. Тиймээс аль болох A болон A+ үсгээр тэмдэглэсэн электрон бараа худалдан авахыг зөвлөж байна.
Эцэст нь хэлэхэд бид бүхний амин чухал хэрэглээ болсон эрчим хүчийг зөв зохистой хэрэглэж хэмнэцгээе гэж уриалмаар байна.









