Хоггүй Улаанбаатарын төлөө кампанит ажил эхлүүллээ

2014 оны 4 сарын 29

Улаанбаатар хотын бүх нийтийн цэвэрлэгээтэй холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон АНУ-ын Азийн сан хамтран хоггүй Улаанбаатарын төлөө иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бүх нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажлыг эхлүүллээ.

Энэхүү кампанит ажлын хүрээнд иргэдийг гудамжинд хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалсан “Хоггүй Улаанбаатар хүн бүрийн хариуцлага” уриа бүхий зурагт хуудас, гэрэлт самбаруудыг хот даяар байрлуулсан байна.

Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах нь Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа гол асуудлын нэг юм. Ялангуяа гэр хороололд албан бус хогийн цэгүүд олноор үүсэн бий болж, иргэдийн амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Кампанит ажлын хүрээнд Азийн сан Сүхбаатар дүүргийн  14, Чингэлтэй дүүргийн 16, Хан-Уул дүүргийн 13, Баянгол дүүргийн 9, Сонгино Хайрхан дүүргийн 26-р хороо зэрэг загвар хороодын нутаг дэвсгэрийн их цэвэрлэгээнд дэмжлэг үзүүлж, хур хогийн цэгүүд болон хог ихээр хуримтлагддаг гуу жалгуудыг цэвэрлэв. Мөн энэ үеэр гэр хорооллын иргэдийн идэвх санаачлагыг нэмэгдүүлэх үүднээс цэвэрлэгээнд хамгийн идэвхтэй оролцсон иргэд, хамгийн цэвэрхэн гудамж, хэсгийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б. Бадрал тэргүүтэй Захирагчийн ажлын албаны ажилтан, албан хаагчид, дүүрэг, хороодын Засаг дарга нар, ажилтнууд болон Азийн сангийн Дэд суурин төлөөлөгч Тирза Тиниссен болон тус сангийн хамт олон оролцлоо.  Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Азийн сан Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэстэй хамтран нийслэлийн гэр хорооллын зургаан хороонд “Гэр хороолол дахь хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах Загвар хороо” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Дээрх төслийн хүрээнд хоггүй Улаанбаатарын төлөө иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бүх нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажил ирэх 6-р сарыг хүртэл үргэлжилнэ.

Энэ дашрамд дурдахад АНУ-ын Азийн сан Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах төслийг 2012 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдэд хүрч буй нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна иргэд, тэдгээрийн орон нутгийн түвшин дэх үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжиж Улаанбаатар хотын удирдлагын түвшинд стратеги төлөвлөлт хийх, бодлого боловсруулах болон хотын засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2173
0 эможи
keyboard_arrow_up