Ялалтын баярын өдөр маргааш тохионо

Ялалтын баярын өдөр маргааш тохионо. Уг өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
2015.05.08-ны баасан гарагт
11.00-13.00 цагт Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт болно. Баярын арга хэмжээнд төр, засгийн төлөөлөл БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд, Беларусь улсаас суугаа Элчин сайд, Казакстан улсаас суугаа Элчин сайдууд болон ахмад дайчид оролцоно.
2015.05.09-ний бямба гарагт
Ялалтын баярын өдөр БХЯ, ЗХЖШ болон ОХУ, Казакстан, Беларусь улсын Элчин сайдууд 11.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд, 11.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
Чингисийн талбайд 14.00 цагаас эхлэн баярын арга хэмжээ үргэлжилнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг шууд нэвтрүүлгээр иргэдэд хүргэх боломжийг олгох юм. Шууд нэвтрүүлэг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар дамжин иргэдэд хүрнэ. Шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм байна. Цэргийн ёслолын жагсаал Москва хотын цагаар 10.00, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ.Шууд нэвтрүүлгээс өмнө иргэд цэргийн хээрийн хоол идэж, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ялалтын баярын тухай түүвэр тоглолтыг үзэх боломжтой.19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулах юм байна.









