“Газар тариалангийн хөгжил 2015” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал боллоо

“Газар тариалангийн хөгжил 2015” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас зохион байгуулж, ХХААЯ, МХЕГ, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ, Ургамал хамгааллын хүрээлэн, Инженер технологийн сургууль, Монгол төмс хөтөлбөрийн зохицуулагч, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлаар хөрсний үржил шим, хяналтын тогтолцоо, таримлын технологи, үрийн аж ахуй, ургамал хамгаалал, техникийн шинэчлэл, тариалангийн газрын ашиглалт, бүртгэл үнэлгээ, ургамлын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн бодит хэрэгцээ, менежмент, төрийн тогтвортой бодлого зэрэг газар тариалангийн салбарыг тойрсон өргөн хүрээтэй асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа урамшуулалд тулгуурласан өнөөгийн төрийн бодлого зөв үү, цаашид үр тариагаа экспортлох хэмжээнд хөгжих боломж бий юу зэрэг асуудлаар санал солилцсон юм.
Атрын 3-р аяныг эхлүүлсэн өнгөрсөн жилүүдэд уналтат ороод байсан энэ салбар сэргэж, үр тариагаар дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрсэн ч тариаланчид тодорхой нэгдсэн бодлогогүй, техник, технологийн заавар зөвлөмжийг нарийн мөрддөггүйгээс 580 мянган га тариалангийн талбайд хийсэн шинжилгээгээр 61,4 хувь нь хүчтэй элэгдэлд орсон, монгол орны хөрсөнд нутагшаагүй үр сорт сонгож, тариалдгаас өвчин хортонд өртөх, дутуу болцтой ургац авах гэх мэт тодорхой эрсдэлүүдийг дагуулсаар байна. Мөн Монгол орны газар нутгийн 74 хувийг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг ч харьяа яамандаа ямар ч харьяалалгүй явж ирсэн нь эргээд үүрэг, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд ихээхэн бэрхшээл болж байгааг ХХАА-н сайд Р.Бурмаа онцоллоо.









