2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, аж ахуйн нэгжийг шалгаруулна

Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/314 дүгээр захирамжаар хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүн, байгууллага, аж ахуйн нэгжийн тохижилт, цэвэрлэгээний ажлыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтүүд, “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл” баталсан. Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй хамрагдах юм. Ажлын хэсэг нь хуваарьт хороодод тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Байгууллагуудын тохижилт, цэвэрлэгээний ажлыг шалгаж, батлагдсан 23 төрлийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ өгөх юм. Мөн дүүргүүдийг 4 хэсэгт хуваан өрсөлдүүлж, тохижилт, цэвэрлэгээний ажлын идэвх, оролцоо, үр дүнг харгалзан хэсэг тус бүрээс 1 дүүргийг буюу 4 дүүргийг шалгаруулах юм байна.
Мөн энэ үеэр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тухайлбал, НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж, Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 2016 оны төлөвлөгөөгөө гаргаж, материалаа НЗДТГ-ын Стратегиийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргүүд болон нийслэлийн харьяа газруудад үүрэг болгов. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга барьж байгаа барилгын нөхцөлийг эцэслэн нэгтгэх ажил нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд явж байна. Дүүргүүд энэ талаархи мэдээллээ нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад яаралтай өгөхийг үүрэг болголоо. Мөн дүүргүүд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах, тайлангаа гаргаж НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэхийг үүрэг болгов. Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй хамтран худалдан авалтын ажлын явцын талаар мэдээлэл бэлтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулга хийхийг даалгав. Зуны эхэн сар гарч байгаатай холбогдуулан хүүхдийн зусланд эхний ээлжийн амрагчдыг хүлээж авах бэлтгэл ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо. БОНХАЖЯ-наас санаачлан өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий уриан дор нийслэлийн дүүргүүд болон харьяа газрууд идэвхтэй оролцохыг бүх байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.









