Түймэрт 40 гаруй гэр, 3000 мал шатжээ

Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Харин өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтийн аймгийн Баян-Адрага, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан 6 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дээрхи түймрүүдийг цурманд оруулсан бөгөөд салхины хурд их байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байгаа аж. Түймрүүдийн голомтод Онцгой байдлын алба, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 1760 гаруй хүн, 600 гаруй орчим техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна.
Түймрийн голомттой нутагт өвсний ургац ихтэй, салхины хурд 10-20 м/с байна. Асч байгаа түймэр холоос, шороон шуурга мэт, хуйларсан, галын түйрэн гэж хэлж болохоор онцлогтой харагдаж байна. Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх түймэрт өртөн орон гэрээ алдсан, 3000 гаруй мал хорогдсон тооцоо гарчээ. Үүнээс гадна байгаль, экологид үнэлж баршгүй хохирол учирч байна. Ялангуяа Дорнод аймгийн Баян-Уул гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар орон, ховордсон ан амьтан түймэрт өртөж, устаж байгаа нь үнэхээр нүд хальтрам, харамсалтай. Гарсан түймрүүдийн 4 нь ОХУ-аас орж ирсэн бөгөөд 5 түймрээс бусад нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарчээ.









