Л.Гансүхийн хэргийг дахин АТГ-т шилжүүлжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах Л.Гансүхийн хэргийг дахин АТГ-т шилжүүлжээ. Тодруулбал, түүний хэргийг АТГ-аас шалгаж байгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байсан юм. Харин прокурорын байгууллагаас даалгавар бичиж, АТГ-т буцаажээ. Энэ талаар АТГ-ынхнаас тодруулахад “Эд хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж буй Л.Гансүхийн хэргийг прокурор хэд хэдэн даалгавар бичээд манайх руу буцаасныг хүлээн авсан. Даалгаварт заасан үндэслэлийн дагуу шуурхай шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр дахин прокурорын байгууллагад шилжүүлнэ” гэв. АТГ-аас Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.5 тэрбум төгрөг завшсан хэмээн мэдээлсэн. Харин Л.Гансүх өөрийг нь хоосон баримтаар, улс төрийн зорилготойгоор шалгаж байгаа талаар мэдэгдсэн юм.









