Д.Чандмань: Дэлхийн усны форумаас бид олз дүүрэн ирсэн

Энэ сарын 12-16-ны өдрүүдэд БНСУ-д болсон Дэлхийн усны долоо дахь удаагийн форумд оролцоод ирсэн Алтайн өвөр говийн сав газрын захиргааны дарга, доктор, профессор Д.Чандманьтай ярилцлаа.
-Та Дэлхийн усны форумд хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Дэлхийн усны форумыг анх Дэлхийн усны консул гэдэг байгууллагын санаачилгаар Африкийн Мароко хотод 1997 онд зохион байгуулсан юм. Анхны форумд манай улс оролцоогүй. Цөөн хэдэн орнууд оролцож дэлхийн усны асуудлыг хамтарч ярилцаж, хамтаараа шийдье гэх гол санааг гаргасан. Үүнийг нь НҮБ дэмжсэн юм. Дэлхийн улс орнуудтай харьцуулбал усных нь асуудал дээд хэмжээнд шийдэгдсэн Нидерландад 2000 онд хоёр дахь удаагаа болсон. Гуравдах форум нь 2003 онд Японы Кота, Осака гэсэн хотуудад зохион байгуулсан. Энэ үеэс эхлээд манай улс уг форумд оролцож эхэлсэн. Азид анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү форумын үеэр их өргөн хүрээтэй, томоохон сэдвүүдийг хөндсөн. Үүний дараа Мексик , Турк , Франц гэх мэт улсуудад болсон. Долоо дахь удаагийн Дэлхийн усны форум Солонгосын Дэгү, Кёнгжу гэсэн хотуудад энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Усны гурав дахь форумаас хойш манай төр, хувийн хэвшил, ТББ-ын усны асуудал эрхэлдэг байгууллагууд өргөн хүрээтэй оролцож ирсэн. Японд зохион байгуулагдсан уулзалтын үеэр Японы Элчин сайдтай уулзалт зохион байгуулж, “Жайка”-гийн шугамаар Онги гол дагуу мод тарих төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан нь биеллээ олсон. Ингээд Онгийн голын дагуу найман сумын газарт мод тарьсан. Энэ мэт олон ажил хэргийг форумд оролцсоны үр дүн гэж би хэлнэ. 2006 онд Мексикт зохион байгуулагдсан Дэлхийн усны дөрөвдүгээр чуулга уулзалтад Монголыг төлөөлж хоёр хүн оролцсоны нэг нь миний бие, нөгөө нь тухайн үеийн Байгаль орчны дэд сайд байсан Энхмандах юм. Монголын төлөөлөгчид форумын нээлтэд хэлсэн үгэндээ “Монгол Улс усны менежментийн төлөвлөгөөтэй болох шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэж хэлсэн. Анх удаа Монгол Улсын усны менежментийн төлөвлөгөө гэдгийг гаргаж ирсэн гэсэн үг л дээ. Манай энэ саналыг Голланд улс дэмжиж, Голландын Засгийн газраас Монголын Засгийн газартай гэрээ байгуулж “Монгол орны усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө” гэдэг төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд өнөөгийн сав газрууд байгуулагдсан түүхтэй юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан форумд манай улс оролцож ирсэн нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгаа гэж үздэг.
-Энэ жил зохион байгуулагдсан долоо дахь удаагийн форумын онцлог юу байв?
-БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ахалсан албаны хүмүүс энэ удаагийн форумд өргөн хүрээтэй оролцоод ирлээ.Нийт 200 орны 50 орчим мянган төлөөлөгчид энэ удаагийн форумд оролцсон. Жил ирэх бүр Дэлхийн усны форум хүрээгээ тэлж байна. Дэгү хотод зохион байгуулсан 70 гаруй орны үзэсгэлэнд шинжлэх ухаан технологи, ноу-хауг харуулсан олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан. Хуралдаан дээд төвшний буюу сайд нарын, шинжлэх ухаан, техник технологийн ололтыг харуулсан бүсчилсэн хуралдаан, ус ашиглагч, хэрэглэгчдэд зориулсан гээд гурван салбарт хуваагдаж болсон. Энэ жилийн форум “Ус бол бидний ирээдүй” гэх уриан дор явагдлаа. Миний хувьд 2003 оноос хойш усны форумд тасралтгүй оролцож байна. Энэ бүхнийг эргээд харахад дэлхийн улс орны болон манай улсаас оролцогчдын хүрээ их нэмэгдэж байна.
Би өөрийнхөө сонирхсон сэдвийн хүрээнд салбар хуралдаануудад суусан. “Хилийн усны менежмент” гээд салбар хуралдаан дээр Байгаль далайн бүсийн Монголтой хиллэсэн усны менежментийн асуудлаар илтгэл тавигдсан. Мөн баруун хойд Азийн орнуудын бүсийн гол болон нууруудын асуудлаар хэлэлцсэн салбар хуралдаанд суусан. Маш сонирхолтой, хэрэгтэй саналуудыг тавьж байсан гэдгийг хэлмээр байна. Усны менежмент болон хяналтын мониторингийн шинэ технологи гэсэн хуралдаан дээр манайд хэрэгтэй, туршлага болгон авмаар олон зүйлийг ярьсан. Манайх шиг газрын доорх усаа ашигладаг орны хувьд газрын доорх усны асуудалд иж бүрэн мониторингийн системтэй байх ёстой юм билээ. Жишээ нь, Өмнөговь аймгийн Алтайн Өвөр говь газар болон говийн гурван сав газарт мониторингийн жишээ энэ жилээс эхлэн хэрэгжих гэж байгаа. Шууд аваад хэрэглэчихэж болмоор технологиуд байгаа гэдгийг мэдэж ирлээ. Үүнийг өөрийн улсдаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана.
-Тухайлбал, Та ямар технологийг нэрлэх вэ?
-Энэ удаагийн форумын гол ивээн тэтгэгч Солонгосын “K-WATER” гээд төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байгаа юм. Энэ улсын үйлдвэрийн газраас гардуулж өгсөн номонд жишээ нь, манайхны яриад байгаа саарал ус ашиглах талын шинжлэх ухааны үндэслэлтэй бүх мэдээлэл нь багтсан байгаа. Усыг яаж эрчим хүч болгох вэ, борооны усыг хэрхэн ашиглах вэ гэх мэт асар их хэрэгтэй зүйлсийг судалж, мэдэж ирлээ. Жишээ нь, ус хэмнэх технологи гэж байна. Солонгосын ”WIT ”гээд компани ус хэмнэх технологийг газар дээр нь туршилтаар танилцуулсан. Жижигхээн шүршүүр ашиглан цоргоноос гоожих усыг 50 хувь хэмнэх боломжтой. Жижиг гэлтгүй ахуйн хэрэглээндээ шууд нэвтрүүлж усныхаа хэрэглээг багасгах олон боломж бидэнд байна. Хотын дарга Э.Бат-Үүлд би энэ бүхнийг танилцуулна гэж бодож байна. Говийн ус давс, хужир ихтэй учир крантаа зэврүүлдэг. Тэр нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна эдийн засагт ч хүндрэл учруулж байна. Үүнийг шүүдэг технологиудыг ч форумын үеэр танилцуулсан. Долоо дахь удаагийн форум дээр яригдсан өөр нэг чухал сэдэв нь “Голуудын сав газрын усны нөөцийн менежментийг зохицуулах асуудал” байлаа. Энэ надад их ач холбогдолтой сэдэв байсан. Тухайлбал, Молдавын төлөөлөгчид Украйны голуудын сав газрын менежментийн асуудлаар жишээ болгож илтгэл тавьсан. Хоёр нийлсэн сав газар хоорондоо их зөрчилтэй байдаг юм байна. Энэ зөрчлийг арилгах ямар боломж байна, хэрхэн хамтарч ажиллах гэх мэт зүйлийг ярьсан. Ийм зүйлсийг олон улсууд нэгдээд ярихаар хамтарч ажиллах хэрэгтэй гэдэгт санал нэгддэг юм байна. Усны менежментэд гарч байгаа өөрчлөлтүүд болон орчин үеийн шинэ техник технологийн асуудлыг ч орхилгүй ярьсан. Ялангуяа далангийн асуудлыг нэлээд хөндсөн. Манайх гадаргынхаа усыг ашигладаг. Солонгосчууд 2000 гаруй даланг сүүлийн 50 жилд байгуулсан юм билээ. Жижигхэн голууд дээр далан байгуулаад бороо, цасаа хуримтлуулж цэвэр ус гаргаж авдаг. Далайн ус нь давс ихтэй учир ашиглах боломжгүй шүү дээ. Далангийн уснаас нэгдүгээрт, цахилгаан эрчим хүч гаргаж авч байна, хоёрдугаарт, хотын усны хангамжаа шийдвэрлэж байна, гуравдугаарт усан аялал бүхий зугаалгыг хөгжүүлж байна. Манайд ч үүнийг нэвтрүүлэх боломж бий.
-Та Монголын нэг сав газрын дарга. Сав газрын менежмэнттэй холбоотой өөр ямар асуудлыг хөндөв?
- Форумын 15-ны хуралдаан дээр “Сав газрын усны менежментийг зохицуулахад Засгийн газрын оролцоо” гээд чухал сэдвийг хэлэлцсэн. Сав газрын усны менежментийг хийхэд Засгийн газрын оролцоо хамгийн чухал гэдгийг энэ хуралдаан дээр тодорхойлсон. Манай улсад энэ бол байгаа. Өөрөөр хэлбэл, бид Усны тухай хуультай, усны бодлогыг БОНХАЖ-ын сайд нь хариуцаж байна. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд 29 сав газартай, 26 сав газрын захиргаад ажиллаж байна. Эдгээр захиргаа нь Засгийн газрын удирдлагаар хуулийн хэрэгжилт, усны менежмент, усны нөөцийн нэгдсэн менежмент, төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагааг хийдэг. Энэ бүхнийг салбар хуралдаан дээр ярьсан нь манай улс энэ жишгээр явж байгаа гэдгийг харуулсан. Гэхдээ манайх арай удаашралтай, бусад улсууд биднээс түрүүлээд явж байгаа нь мэдрэгдсэн. Тиймээс бид ажлаа шуурхайлаад, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөгөө бүх сав газар 2015 ондоо алсын хараатайгаар хэрэгжүүлээд эхэлбэл бид хоцрохгүй гэдгийг хэлмээр байна. Ер нь бол Дэлхийн усны форумаас бид олз дүүрэн ирсэн, тэр бүхнийг хэрэгжүүлэх л хэрэгтэй.









