Олныг цочроосон аюулт гамшиг
Энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан хээрийн түймэр олныг цочирдуулаад байгаа. Одоог хүртэл цурам нь гүйцэд унтарч дуусаагүй байгаа хээрийн түймэр нь нийт 200км орчим газрыг хамраад байна. Тус гамшгийн улмаас 60 орчим айл өртөж, 22 айлын орон гэргүй болсон юм. Мөн 2000 гаруй мал, нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь шатсан харамсалтай үйл явдал тохиолдоод байна.
Анх Хэнтий аймгийн Баян-овоо сумаас гарсан хээрийн түймэр ийнхүү Дорнод , Сүхбаатар аймгийг хамарсан асар их хохирол бүхий гамшиг болон хувирсан. Цагдаагийн байгууллага түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд малчины хайхрамжгүй байдлаас болсон хэмээх эхний дүгнэлтийг гаргаад байна. Маш их хохирол дагуулсан энэ хэрэгт сэжигтэн нэгэн иргэнг эрүү үүсгэн шалгаж байна гэж зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээллэсэн.
Түймэр ингэж гамшгийн хэмжээнд хүрч дэлгэрхэд нөлөөлсөн хүчин зүйлсэд нэг талаараа тэр үеийн салхины хурд маш хүчтэй байсан хэдий ч нөгөө талаас ард иргэдэд түймрийн эсрэг зогсох хангалттай багаж хэрэгсэл байгаагүй гэж үзэж бас болох. Тухайлбал Түмэнцогт суманд усны машин байгаагүй иргэд галыг нүцгэн гараараа унтраасан, цочиролд орсон иргэдэд үйлчлэх түргэн тусламжийн тэрэг байхгүй байсан гэх мэтчилэн дутагдалтай асуудлуудыг үйл явдлын халуун цэг дээр байсан иргэд хэлж байсан юм.
Харин засгийн газрын зүгээс түймэрт өртсөн газруудад дараах арга хэмжээг авлаа. Түймэрт өртөж орон гэргүй болсон айл өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр олгох мөн ус тээвэрлэх машин, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон түргэн тусламжийн автомашин олголоо.
Гамшгаас арай хийж авж үлдсэн хэдэн малд нь бэлчээрлэх газар олдохгүй хүндхэн байгааг малчид дуулгаж байсан. Тэгвэл улсын нөөцийн цэг салбаруудад хадгалагдаж байгаа 730тн өвсийг үнэгүй тараах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Ийнхүү хэн нэгний хайхрамжгүй байдлаас болж хичнээн айл өрхийн амьдрал сүйрч болохыг энэ удаагийн бүтэн дөрөв хоног үргэлжисэн гамшиг харуулсаар байх.









