Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал

Сав, баглаа боодол нь хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл, шинэлэг чанарыг алдагдуулахгүйгээр хэрэглэгчид хүргэх, гадны нөлөөлөл, хими, физик, биологийн бохирдлоос хамгаалах, тээвэрлэх, хадгалах хуваарилах, хэрэглэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, жин, эзэлхүүний алдагдлаас сэргийлэх болон тухайн бүтээгдэхүүний талаар тодорхой мэдээлэл хүргэх үүрэгтэй.
Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин хангалтгүй, ихэвчлэн ил задгай, тохирсон сав, баглаа боодолгүйгээр хэрэглэгчдэд нийлүүлэгдэж, гадны бохирдол авах эрсдэл өндөр байна.
Зориулалтын бус нийлэг болон хуванцар сав, баглаа боодолд хөндлөнгийн болон дотоодын хяналтгүйгээр хүнсний бүтээгдэхүүн савлаж, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх явдал газар авснаас төрөл бүрийн химийн нэгдэл, мономерээр бохирдсон хүнс хэрэглэсээр байна.
2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харъяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори Нарантуул худалдааны төвд худалдаалагдаж буй хүнсний зориулалтын бус хуванцар савнаас ундны ус, сүү, айраг зэрэгт химийн бодисууд шилжиж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савласан байна” гэж заасан.
Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зориулалтын бус хуванцар савны хэрэглээг халах зорилго бүхий “Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал” дэд хөтөлбөр боловсруулж байна.
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв болон сав баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, дэд хөтөлбөрийн төслийн эхний хувилбарын талаар хэлэлцэж, тусгах арга хэмжээний талаар санал солилцов.









