“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт эхэллээ

2015 оны 4 сарын 13

“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас эхэллээ.  Уг уралдааны шалгаруулалтын нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, холбогдох албаны хүмүүс оролцов.

“Монгол цэргийн жавхаа” уралдаанд 2013 онд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах 25 анги, байгууллага оролцож, тэргүүний жагсаалч  ангийг шалгаруулж байсан бол өнгөрсөн онд 27 анги оролцож, тэргүүний тохижилттой байгууллагыг шалгаруулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус уралдаанд энэ жил нийт 30 анги оролцож байгаа бөгөөд цэргийн албан хаагчдын бие бялдарын хөгжлийг түлхүү харгалзан дүгнэх юм. Тус уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт өнөөдрөөс эхлэн 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдаж шилдэг 9 ангийг шалгаруулах бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалт 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Их эзэн Чингисийн талбайд 5 дугаар сарын 23-ны өдөр шалгаруулалтын дүнг танилцуулж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.  

Жилээс жил өргөжин тэлж байгаа уг уралдаан нь иргэн цэргийн-харилцааг бэхжүүлэх, анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдарын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлэх, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах зорилготой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20471
0 эможи
keyboard_arrow_up